Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, зохиолч, сэтгүүлч Балсанцэрэнгийн Ойдов нь яруу найргийн “Парнаст хүрэх зам”, “Эрх танхай нүргэлээн” шүлгийн түүвэр, “Дайчин шударга үндэсний үзэлтнүүд ярьж байна”, “Үлэмж сэтгэлийн тусын тулд”, “Гучаад оны хэлмэгдүүлэлт”, “Ужид цэнгэлийн манан”, “Яруу найрагч Р.Чойномын нүүрний хэв”, “Дал, ная, ерээд оны Улаанбаатарын атаманууд”, “Ар халхын шилийн сайн эрчүүд” зэрэг хорь гаруй ном туурвижээ. 2009 онд хэвлэгдсэн “Монголын мөнгөн үеийн хүүрнэл зохиолын дээжис”-т түүний “Хөтөл усны цохио” хэмээх өгүүллэг нийтлэгдсэн байх бөгөөд үүний өмнөтгөлд яруу найрагч Авгаржин Жа.Баяраа “Монголдоо л Стивен Кинг ч юмуу Чейз” гэсэн урмын үг хайрласан байх аж. Түүнийг сийрүүлвээс: “Б.Ойдов нь Монгол дахь чөлөөт хэвлэлийн хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. 90-ээд оны дундуур түүний бичсэн цэргийн хүн шиг түс тас, шударга шулуун үгтэй нийтлэл, тэмдэглэлүүд нэгэн цаг үеийн зон олны оюуны “амтат талх” нь болж байлаа. Б.Ойдов сайн сэтгүүлч төдийгүй уран зохиолын бүх төрөл зүйлээр туурвидаг супер уран бүтээлч. Үлгэр, хайр, буг чөтгөр, харь гариг, мал аж ахуй, улс төр, нийгэм эдийн засаг... Мань хүнд хөндөөгүй сэдэв гэж үгүй. Түүний бүтээлүүд адал явдалд дуртай уншигчдын ширээний ном болж, шинэ туурвилууд нь борлуулалтаараа “Шилдэг ном”-ын тоонд үргэлжид жагсана. Б.Ойдов маань их энгийн атлаа адтай, адармаатай бичлэгтэй зохиолч. Нийгмийг олон талаас нь мөлжих оюуны хөдөлмөрт магадгүй түүний тугал хариулж, туг барьж явсан нугачаа гүвээт гайхамшигт он жилүүд нь багшилж, түрлэг нэмдэг биз ээ. Монголын мөнгөн үеийн утга зохиолын талбарт өөрийн гэсэн бууриа нэгэнт зассан Өврийн хангайн залуу маань Монголдоо л Чейз, Стивен Кинг гэж хэлэхэд ахдахгүй биз ээ. Бид түүний уран бүтээлд томоохон байр, суурь эзэлдэг хошин зохиолын дээжээс нь оруулмаар байсан ч эрт урьд цагийн нэгэн үгүүллэг нь сонирхол татаад байхаар нь сонгож орхилоо. Таалал хотлоор оршиг. Нөхрийн туурвил үргэлжид ундраг” гэсэн байв. Саяхан “Төрт ёс-Хаадын сан”-гаас зохион байгуулсан зургаан сая төгрөгийн шагналын сантай түүхэн зохиолын уралдаанд зохиолч До.Цэнджавын “Тал сар” тууж нэгдүгээр байр, Б.Ойдовын “Орлой мэргэн Цагаан” тууж хоёрдугаар байр эзэлжээ. Тиймээс Б.Ойдовын уран бүтээлийн талаар манай сурвалжлагч түүнтэй хүүрнэлдсэн юм.
-Юуны өмнө нэр хүндтэй том том зохиолчдын өмнө гишгэсэнд тань баяр хүргэе. “Орлой мэргэн Цагаан” туужийнхаа тухай товч хүүрнээч. Энэ зохиолын ид шид нь юундаа байна вэ?
-Манжийн дарангуйллын үед манай ноёд, вангуудаас цаазаар авахуулсан олон хүн байдаг ч 81 зоосны нүхээр хэрчигдэж хороогдсон хоёр хүн л байдаг. Нэг нь Хотгойдын шадар ван Чингүнжав, нөгөө нь Дарьгангын амбан ноён Орлой мэргэн Цагаан. Манайхан анхдагч гэдэг утгаар нь Хотгойдын Чингүнжавыг ихэд дээдэлдэг. Энэ хүний нэр сүрийг зохиол бүтээлдээ оруулаагүй зохиолч, яруу найрагч тун ховор. Би хүртэл Чингүнжавын тухай хоёр гурван ч шүлэг тэрлэсэн. Харин Орлой мэргэн Цагааны тухай манай зохиолч, яруу найрагч нар бараг мэддэггүй гэж хэлж болно. Гэхдээ Сүхбаатар, Дорноговь аймгаас төрж гарсан зохиолч нар бол андахгүй. Сая түүхэн зохиолын уралдааны шагнал гардуулсан ыдараа яруу найрагч Л.Одончимэд гуай “Орлой мэргэн бол түүхэнд маш бага судлагдсан хүн. Ноён хутагт Равжаатай уулзаж учрах үедээ ид шидийн гэмээр хачин сайхан домог яриа үүсгэж байсан энэ хүнийг анх гаргаж ирсэн Ойдов чамд баярлалаа” гэж үнэлээд хувиасаа зуун доллар гаргаж өгсөн. Халхын долдугаар Богд Жибзундамын үед амьдарч асан Орлой мэргэн Цагааны манж ноёдтой тэрсэлдэж асан заргын бичгийг Оросын судлаач Олтеров гэдэг хүн 1910-аад оны үед Бээжингийн номын сангаас олж хуулгыг нь орчуулаад монголчуудад хүргэж байсан байна. Энэ тухай Д.Маамын “Газар шороо” романд ч цухас өгүүлсэн байдаг. “Орлой мэргэн Цагаан” түүхэн баримтат туужид Орлой мэргэн Цагаанаас гадна жанжин Д.Сүхбаатарын өвөг эцэг шилийн сайн эр Төгөө, түүний эцэг “Эрхий мэргэн” Элбэг, догшин ноён хутагт Данзанравжаагийн дотны хүн явсан шилийн сайн эр “Хилэн хормойт” Ашуу, Манжийн эзэн хаан Төр гэрэлт, түүний дараачийн хаан Түгээмэл Элбэгт зэрэг олон арван бодит хүний амьдрал, хувь заяа дүрслэгдсэн. Жишээ нь “Хилэн хормойт” Ашуу нь ихээхэн түүх намтартай хүн. Ашуу нь ноён хутагт Данзанравжааг Галбын гурван хийдээ байгуулах гээд элсэн цөлөөр мацаж явах үед алсаас ачаа хөсгийг нь харгалзан хамгаалж явдаг байж. Эцэст нь тэр хятадуудад баригдаад урагшаа ачигдаж явахдаа замд тааралдсан жинчдээр хоёр гараа тасдуулж ноён хутагтад хүргүүлсэн байдаг. Ноён хутагт “Хилэн хормойт”-ын гарыг ихэд бэлэгшээж аваад шившиж аравнайлаад жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд нохойн амны зүгт сайн эрийн гараар дохиж муу юмыг зайлуулах зан үйлийг биечлэн үйлддэг байж. Ашуугийн тэр хатсан гар ноён хутагт Равжаагаас хойш их олон жил хадгалагдсан байдаг. Ахмад зохиолч А.Шартолгой гуай тавиад оны үед Зүүнбаянгийн нэгдэлийн үйлдвэрт жолооч хийж байхдаа Хамрын хийдийн нэг амбаараас энэхүү гарыг олж үзсэн гэж байгаа юм. Тэгээд үүнээсээ сэдэвлээд “Хилэн хормойтын дууль” хэмээх найраглал бичсэн байх жишээтэй. Энэ мэтээр нэгэн цаг үед, халхын зүүн хязгаарт, тодруулж хэлбэл Сэцэн хан аймгийн хил залгаа Ёст бэйсийн хошуу, Даргангын “Сүрэгчин” хошуунд амьдрал тэмцэл нь ид буцалж байсан түүхэн хүмүүсийн үйл явдлыг жирэм мэт сүлжиж Орлой мэргэн Цагааны гайхамшигт ертөнцийг бүтээсэн. Манжийн хааны 81 зоосонд төөнүүлж байгаа хэсгийг дүрслэх гэж бас бус материал судалсан. Найруулагч нар “Зохиол сайн байхад кино сайн болдог” гэж ярьдаг. “Орлой мэргэн Цагаан”-аар кино хийгээд Оскарт өрсөлдөж болно шүү гээд хэлчихвэл онгирсон болчихдог юм болов уу. “Төрт ёс-Хаадын сан”-гийн тэргүүн Дугарсүрэнгийн Гүн-Үйлс шагнал гардуулах үеэр миний энэ зохиолыг бусдаас онцгойлж үнэлсэн. Жишээ нь “Ойдов гэдэг сайн зохиолч бидний дунд байдгийг ерөөсөө мэдэхгүй явж. Түүхэн зохиолын уралдааныг шүүсэн манай түүхч, зохиолч нар “Орлой мэргэн Цагаан” бүтээлийг “Гайхалтай зохиол” гэж бүгдээрээ дуу нэгтэйгээр сайшаасан. Энэ зохиол манай Хаадын сангаас эрхлэн гаргах бүтээлүүдэд чимэг болно” гэж хэлж байна лээ. Энэ үгэнд би ихэд урамшаад анх удаа ярилцлага өгөхөөр шийдлээ. Ганц нэг ном хэвлүүлчихээд телевиз, сониноор гүйчихдэг хүн олон байдаг. Хорь гаруй ном хийсэн би хэзээ ч ингэж гүйж явсангүй. Одоо харин өөрийгөө нэг тайлагная гэж бодлоо. Тэгэхгүй бол Гүн-Үйлсийн хэлсэнээр намайг хүн мэдэхгүй шүү дээ. Гэхдээ намайг жирийн уншигчид бол хэдэн номоор маань андахгүй мэддэг.
-Уншигчид гэснээс таны уншигчдын хүртээл болсон зарим номыг хуурамчаар олшруулан хэвлээд гадуур тараагаад байгаа тухай “Зууны мэдээ” сониноос олж уншсан юм байна. Энэ тухай?
-Бусдын номыг хуурамчаар олшруулан хэвлэж ашиг олдог этгээдүүдийн үйлдэл үнэндээ хэрээс хэтэрч байгаа. Тэд миний “Ар халхын шилийн сайн эрчүүд” тэргүүтэй дөрөв таван номыг аль 2010 оноос эхлээд хуурамчаар хэвлэсэн. Чанар сайтай хэвлэдэг бол бас яая гэхэв. Гэтэл тэд хямд зардалаар их ашиг олохын тулд хариугүй муу цаасан дээр, чанарын доод түвшинд, хоёр эргүүлэхэд хуудас нь салж унахаар канандон хэвлээд гадуур хямдхан бөөндөж зохиогчийн нэр хүндэд ичгүүр сонжуургүй халдаж байна. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Удахгүй учир нь олдох биз. Өнөөдөр манай уран бүтээлчид ямар нэгэн номоо хэвлүүлэхдээ дээд тал нь таван зуун ширхэгийг хэвлүүлдэг юм байна. Харин миний “Ар халхын шилийн сайн эрчүүд” ном шууд хоёр мянга хэвлэгддэг. Номын дэлгүүрүүдэд бестселлер болдог. Дуусахаар нь дахиад хэвлэнэ. Үүний хажуугаар хулхи наймаачид мянга мянгаар нь хэвлэдэг. Одоогийн байдлаар шилийн эрчүүдийн гурван боть гарчихаад байна. Энэ номын эрэлт хэрэгцээ ерөөсөө буурахгүй байгаа. Ялангуяа хөдөөгийн уншигчдын ширээний ном болсон. Учир нь энэ номыг туурвихын тулд би Монголын 21 аймагтай холбогдсон юм. “Дээхэн үед нутаг орондоо алдартай шилийн сайн эрчүүдийнхээ түүх намтарыг хүүрнээч” гэсэн зарыг сониноор явуулсанаар 21 аймгийн маш олон хүн энд хамрагдсан. Ихэвчлэн өндөр настанууд хачин сайхан түүх хүүрнэдэг. Ер нь Манжийн үед, Ардын засгийн жилүүдэд, социализмын үед шилийн сайн эргүй аймаг, сум гэж байгаагүй юм байна. Гэхдээ өнөө цагийн хаяагаа хадардаг, харсанаа тонодог малын хулгайч нар энд хэзээ ч орохгүй. Ядарсан ард олныхоо төлөө манж, хятад, ноёд баядыг шоглож явсан аймаг аймгийн, сум сумын алдартай шилийн эрчүүд миний номонд шилэгдэж ордог. 2000-гаад оны үед Унгарын монголч эрдэмтэн Ш.Иштван гэдэг хүн Монголд айлчилсан. Тэр манай шилийн сайн эрсийн тухай өгүүлэхдээ “Би одоогоос арван жилийн өмнө Будапешт хотын их сургуульд суралцаж байх үеэс л Монголын тухай болон “Торой” Банди хэмээх шилийн сайн эрийн тухай сонирхох болсон. Их сургуульд монгол бичиг сурсан минь Дарьганга нутгийн тухай, “Торой” Бандийн тухай олон арван дуу, шүлэг, ном уншиж судлах боломж олгосон. Монгол нутагт онгон зэлүүд тал хязгаар нутгаар гэр хийж, морин дэлэн дээр давхиж явдаг билэг танхай монгол эрсийн дуу, шүлэг мөнхөрсөн бодит түүх миний сонирхолыг татахгүй байж чадаагүй. Би хүсэлдээ хөтлөгдөж анх 1999 онд Монголд ирж Дарьганга нутагт очсон билээ. Монголын Архангай аймгийн Зая Бандидын хүрээний нутаг дахь сайн эрсийн ууланд 250 орчим шилийн сайн эрс цугларч “Торой” Бандид дээд шагнал болох тав дахь удаагийн зангиа зүүж өгөх Монгол төрийн нууц даалгавраар Зая Бандид гэгээн өөрийн биеэр заларч хүндэтгэл үзүүлсэн түүхэн баримт надад байна” гэсэн ярилцлага өгч байлаа. Ганцхан удаагийн цугларалтаар л 250 орчим эр цуглахыг бодоход тухайн үед шилийн сайн эр маш олон байсан нь ойлгогдож байгаа юм. Тиймээс эрт цагийн шилийн эрчүүдийн түүх барагдахгүй. Цаашдаа би “Ар халхын шилийн сайн эрчүүд” номоо судалгааны, эрдэм шинжилгээний бүтээл болгоно гэж бодож байгаа. Манжийн Тэнгэрийг тэтгэгч, Сайшаал ерөөлт, Төр гэрэлт хаадын үед Халх Монгол орон шилийн сайн эрчүүдээр дүүрэн буцалж байсан үе. Хянганы нуруунаас Ил Тарвагатай, Тэнгэр уул, Алтайн уулс хүртэл, Сияаны тайга, Байгаль нуураас урагшаа Хөх нуур хүртэлх өргөн уудам нутагт амьдарч асан монголчуудад Манж Дайчин гүрний төрийн хууль цааз үйлчилж байлаа. Гэвч отго жинстэй ноёд толгой бөхийн сөхөрдөг байсан энэхүү Манжийн хууль цаазыг огт тоосон шинжгүй “бөгсөө арчиж” явсан хэнэггүй хүмүүс бол шилийн сайн эрчүүд. Тэдэнд Азийн зүүн талыг тэр аяар нь улан доороо гишгэж явсан Манжийн хааны харгис хатуу хууль цааз айлын нохой хуцсан дайны санагддаггүй байж. Тиймээс Дарьганга чигийн шилийн эрчүүд Өвөрлөгч 49 хошууг тэмтчиж, Алтай чигийн Засагт ханы шилийн эрчүүд Хөх нуураас Тагна Урианхайн хязгаар хүртэл, Хянганы нуруунаас Тэнгэр уул, Ил тарвагатай хүртэлх өргөн уудам нутгийг агтны туурайгаар тамгалж, хүлгийн сайныг шилж унан дур зоргоороо жигүүрлэн нисч явсан байдаг. Бид өнөөдөр энэхүү омог бардам түүхээрээ бахархаж явах учиртай.
-Таны номыг Өвөр Монголын бизнесийнхэн уйгаржин бичгээр хэвлээд мөнгө хийдэг гэж сонссон. Тиймээс “Ар Монголын Санжаадамба, Ойдов хоёр Өвөр Монголд од болж байна” гэсэн яриа гарах болсон гэдэг. Энэ хэр ортой вэ?
-Ортойгоор барах уу. Санжаадамба уран хурц барилдаанаараа нэг хэсэг Өвөр Монголд од боллоо шүү дээ. Үүн шиг миний “Ар халхын шилийн сайн эрчүүд” тэргүүтэй тав зургаан номыг Өвөр Монголын бизнесийнхэн аль 2007 оноос эхлээд уйгаржин бичгээр хэвлээд Шилийн гол, Хөх хотоор нэг тараасан юм билээ. Энэ тухай би анхандаа мэдээгүй. Харин Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийдэг “Хүрээ хөвгүүн” Ням-Очир 2008 онд надад хэлсэн. Энэ залуу байсхийгээд л урагшаа явж Өвөр Монголын номын санд суудаг юм билээ. Ням-Очир өнгөрсөн жил надтай тааралдаад “Өвөр Монголд Санжаадамба, Ойдов хоёр од болж байна. Ар Монголын зохиолч Ойдов гэж ямар хүн байдаг тухай таныг их асуух юм” гэж хэлж байсан. 2008 онд яруу найрагч Б.Галсансүх бид нар Шилийн гол, Хөх хотоор баахан аялсан юм. Тэр үед биднийг Өвөр Монголын нэг яруу найрагч урьж цайлсан. Тэр цайллаганд тэндэхийн нэг албаны том дарга оролцсон. Тэр хүн миний тухай дуулж сонсчихоод “Таны номыг манайхан ширээн доогуураа тугдайж суучихаад нууцаар уншдаг” гэж хэлж билээ. Яагаад гэвэл өвөрмонголчууд Хятадын коммунист намынханд цензурдуулж, хариугүй муу албаны усан бичлэг уншсаар байгаад мөлийчихгүй юу. Тиймээс тэдэнд Ар халхын шилийн сайн эрчүүдийн гайхамшигтай намтар түүх, адал явдал дэндүү сонин байж таарна биз дээ. Ерээд оны үед чөлөөт хэвлэл анх гарч ирэхэд монголчууд их сониучхан ханддаг байсан. Өвөр монголчууд өдгөө яг ийм дээрээ явна. Тиймээс миний номнууд тэнд од болоод байгаа юм байх. Зарим хүн зохиогчийнхоо эрхийн дагуу мөнгө нэхээч гэж сануулдаг. Монголдоо байгаа хулхи наймаачдаа хүчрэхгүй байж Өвөр Монгол руу талчигнаж явах нь ёстой дэмий хэрэг.
-Шилийн сайн эрчүүд гэснээс ноднин жил “Боловсрол” телевизээр зохиогдсон шилийн сайн эрчүүдийн тухай “Кино код” реалити шоугаар таны нэг зохиол шигшигдсээр байгаад сүүлийн шатанд тэнцэж байсан. Тэр юу болсон бэ?
-Миний “Алтайн нурууны Ганган Төгс” гэдэг кино зохиол 40 гаруй зохиолоос сүүлийн хоёрт үлдсэн юм. Энэхүү реалити шоунд түрүүлсэн зохиол “Кино код”-ын төслийн мөнгөөр кино болж мөнхрөх аятайхан боломж байсан юм. Гэвч би хулхидуулчихсан. “Ганган” Төгс бол агуу түүх намтартай бодит хүн. Зохиолч Ч.Лодойдамбын “Алтайд” романд “Ганган” Төгс цухасхан дурдагдаад өнгөрдөг. Реалити шоуны үеэр шилийн сайн эр “Ганган” Төгсийн тухай яриа илүү ихээр өрнөж, миний зохиол түрүүлэх нь тодорхой болчихоод байлаа. Гэтэл эцсийн шалгаруулалт болох үед өмнө нь шоунд огт оролцож байгаагүй нэг нөхөр гэв гэнэт шууд дайрч орж ирээд “Ганган” Төгсийн тухай ганц хуудас “Синопсис” гаргаж үзүүлээд л миний урдуур дайрчихсан. Тэгээд энэ хүн ялагч болсон. Ялалтанд хүргэсэн тэр санаа нь очиж очиж миний сонгосон “Ганган” Төгс байж байдаг. Хожим сургийг нь сонсоход энэ ялагч маань “Кино код”-ыг зохион байгуулсан хүмүүсийн дотны найз нь, хамтарч ажиллаж байсан хүн нь болж хувирсан. Хамгийн инээдтэй нь мөнөөх ялагч маань кино зохиол бичих нь байтугай сонинд мэдээ ч бичиж үзээгүй телевизийн нэг хөтлөгч байсан. Яахав дээ, хөөрхий буянаараа болог.
-Таныг утга зохиолын бүхий л төрлөөр бичдэг супер уран бүтээлч гэж үнэлсэн байдаг. Энэ тухай?
-Нээрээ би утга зохиолын бүхий л төрлөөр бичих гэж оролдсон юм байна шүү. Дууны шүлэг, найраглал, дуулалт жүжиг, кино зохиол, эссэ, фельетон, хөрөг, аян замын тэмдэглэл, найруулал, дурдатгал, нийтлэл, шог зохиол, элэглэл, өгүүллэг, тууж, шүүмж гээд бичээгүй сэдэв гэж алга. Гэхдээ би энд зүгээр нэг усан бичлэг хийснээ дурдаад байгаа хэрэг биш. Би тэгж хүн сонирхохооргүй усан бичлэг хийдэг хүн биш. Ихэвчлэн шагналт байранд орж байснаа л хэлж байна. Хүүхдийн зохиол хүртэл бичсэн. “Соёмбо принтинг”-ээс зарласан хүүхдийн зохиолын уралдаанд жар гаруй зохиолчоос миний бүтээл хоёрдугаар байранд орж байлаа. Их Британийн хүүхдийг ивээх сангаас зарласан уралдаанд миний зохиол нэгдүгээр байранд орж байлаа. Төрийн соёрхолтой, Соёлын гавъяат зүтгэлтэн цолтой хүмүүсийн өмнө гишгээд байдгийг бодоход би хүүхдийн зохиол бичиж болмоор юм шиг санагддаг. Сэтгүүл зүйн бүтээлээрээ би сүүлийн хэдэн жилд бараг л хамаг шагналыг нь хамсан. Уул уурхайн нийтлэл, байгаль орчны нийтлэл, нийгмийн хамгааллын нийтлэл гээд дандаа л нэг, хоёрдугаар байранд шалгардаг. “Оюуны дархлаа”, Эрүүл мэндийн яам, Италийн АИФО байгууллагаас зарласан цуврал бичлэгийн уралдаанд би дөрвөн ч удаа түрүүлсэн. За тэгээд цусны донор, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс зарласан уралдаанд дандаа нэгдүгээр байр эзэлж байлаа. Жил бүр явагддаг ДОХ-ын эсрэг уралдаанд гурван ч удаа түрүүлсэн. Тиймээс би “Ямар азарга тавьчихсан биш. Залуучуудад боломж олгож зодог тайллаа” гэж хэлээд энэ жилийн уралдаанд оролцоогүй. Гэтэл ДОХ-ын төвийнхөн сая намайг шүүгчээр урьсан. Ер нь өдөр тутмын сонины сурвалжлагч нар сэтгүүл зүйн уралдаанд дандаа миний хойно гишгэдэг юм. Энэ нь миний шар нэртэй чөлөөт хэвлэлд олон жил ажилласны гавъяа болов уу. Яагаад гэвэл чөлөөт хэвлэл нь дандаа сайн материал эрэлхийлж, түүнийгээ дандаа сонирхолтой өнцөгөөс харж бичдэг. Гэхдээ ийм зарчим баримталдаг сэтгүүлч шар хэвлэлд өдрийн од шиг цөөхөн болсон. Зарим нь дэндүү гоомой, сул юм бичиж чөлөөт хэвлэлийн нэр хүндийг гутааж байна. Мөн өдөр тутмын сонинууд албаны модон хэлээр, болсон болоогүй тоо баримт урсгах нь их болж. Иймэрхүү бичлэгийг уншигчид тоохоо байсан шүү дээ. Хэрвээ би өнгөрсөн хорин жилийн хугацаанд өдөр тутмын сонинд ажилласан бол улс төрчидтэй хийсэн болсон болоогүй хэдэн ярилцлагатай, хий хоосон сүржигнэсэн улс төр, эдийн засгийн данхайсан хэдэн том нийтлэлтэй, тэгээд юу ч хийж гавиагүй хэрнээ нэг л их том нэр хүндтэй, өөрийгөө агуу гээд бодчихсон давилуун эр байх байлаа. “Балдорж сан”-гаас зохион байгуулдаг уралдаанд оролцмоор санагддаг ч шар нэртэй чөлөөт хэвлэлийнхэнийг гадуурхаад, өдөр тутмын хэдэн сониныг л дээгүүрт тавьдаг сураг дуулдсан. Тиймээс би ганц ч бүтээл өгч үзээгүй. Хэрвээ бүтээлээ өгвөл “Балдорж” шагналыг өлхөн авчихна гэж боддог. Өнгөрсөн жилийн миний хамгийн том шагнал гэвэл УИХ-ын тамгын газраас зарласан Шинэ үндсэн хууль батлагдсаны хорин жилийн уралдаанд “Үндсэн хууль өвөртөлж явдаг хүн” гэдэг өгүүллэг маань нэгдүгээр байр эзлэх шив дээ. Мөн Гадаад хэргийн яамнаас зарласан уралдаанд “Монголын дипломат албаны ерээд оны дурдатгал” гэсэн бүтээл маань дурдатгалын төрөлд нэгдүгээр байр эзэлсэн.
-Дууны шүлгийн хувьд?
-Би нийтийн дууныханд шүлгээ өгөх гэж гүйж харайж явсангүй. Харин 2000-гаад оны үед Галсансүх маань намайг “Хурд” хамтлагтай холбож өгсөнөөр би энэ хамтлагтай хамтарч хорь орчим дуу хийсэн. Ер нь ч тэгээд миний шүлгийн хурц дайчин хэмнэл “Хурд” хамтлагийн рок дуунд их тохирдог. “Цоглог оюутан”, “Нүүдлийн кино театр”, “Урин дуудсан сүр хүч” гээд нийтэд түгсэн олон дуу бий. “Урин дуудсан сүр хүч”-ийг дуурийн дуучин Уянга “Хурд” хамтлагтай хамтарч дуулсан. Мөн “Голомт” банкны сүлд дуу болчихоод байгаа “Нар туссан эхний оргил” дууг маань дуурийн дуучин Мөнхшүр рок попынхонтой хамтарч дуулсан. Дуулалт жүжгийн хувьд гэвэл манай Хужиртын хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр 2008 онд захиалга өгсөн юм. Би “Аминаас илүү дурлал” гэдэг дуулалт жүжгийн цомнол бичиж өгсөн. Үүнийг Дорноговь аймгийн театрт тавьсан гэж Бямбабаяр хэлж байна лээ. “Манлай зайран” гэдэг дуулалт жүжгийн цомнолыг маань хөгжмийн зохиолч Мөнхжаргал ноднин аваад явсан. Сураггүй л байна. Хошин зохиолын хувьд гэвэл 2008 онд зарлагдсан “Вакцин” нэртэй цуврал уралдаанд миний гурав дөрвөн ч хошин өгүүллэг шагналт байранд орж байлаа. Миний хошин өгүүллэг, хошин мэдээ, фельетонуудаар хошин урлагийн “ДОЗ” интертамент “Тархи угаагчид” гэдэг хошин нэвтрүүлэг хийж нэг хэсэг од болсон шүү дээ. Одоо би зөвхөн хошин өгүүллэг, фельетонуудаараа ном гаргах гэж байна. Мөн шүүмжийн номоо гаргана. Сүүлийн жилүүдэд дэлгэцэнд гарсан “Боолын гэрээ”, “Би чамд хайртай-2”, “Амьдрах тасалбар”, “Хөх толбот хүмүүс”, япончуудын хийсэн “Чингис хаан”, Эрдэнэбулган найруулагчийн хийсэн “Үхэвч үл болно-Чингис хаан”, Сергей Бодровын хийсэн “Монгол” зэрэг кинонуудад хийсэн шүүмжүүд энэ номонд орно.
-Өнгөрсөн жил таны зохиолоор нэг кино гарсан байх аа?
-Кино урлагийн “Шинэ ертөнц” нэгдлийнхэн миний “Нисваанисын хорлол” туужаар “03:30” гэдэг кино хийсэн. Мөн өнгөрсөн жил “Аравгар хээр” холбооны захиалгаар Өвөрхангайн домогт Арвайхээр морины тухай кино зохиол бичсэн. Мөн “Р.Чойномын нүүрний хэв” гэдэг баримтат кинонд би бараг л гол дүрд нь оролцсон. Би ийм нэртэй ном хийсэн юм л даа. Монголд ганцхан ширхэг байдаг Чойномын нүүрний хэв 1980-аад оны үед хулгайд алдагдаад маш олон хүний гар дамжсан байдаг. Энэ хэвийг би 2000-гаад оны үед архины мөнгөөр зарагдах гэж байхад нь олж аваад өөртөө хадгалчихсан юм. Гэтэл энэ нь яваандаа үнэд ороод Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Ганболд намайг эрж хайсаар яваад өндөр үнээр худалдаж авсан юм. Ихээхэн түүх намтартай, сонин хачин адал явдал туулсан нүүрний хэв дээ. Би тэр бүх түүхийг нь эрэн сурвалжилсан. Чойномыг ядруу байхад нь гэртээ байлгаж байсан зураач Дэмбэрэл, Чойномыг нас барахад нүүрнийх нь хэвийг авч хадгалсан барималчин Доржсүрэн гээд маш олон хүнтэй уулзсан. Тиймээс “Өд” сангийнхан үүгээр баримтат кино хийсэн. Одоо удахгүй гарах байх.
-Ингэхэд таны утга зохиолын багш хэн бэ?
-Надад утга зохиолын багш гэхээр хүн байхгүй. Харин Лодонгийн Түдэв, Готовын Аким, Дамдины Жамъян нар миний сэтгүүл зүйн багш. Би эдгээр хүмүүсийг хүндэлж явдаг. 1992 онд би “Эфталитын хүн овогтнууд” гэдэг аймаар зузаан роман бичсэн юм. Тэр үед миний болоод миний дараачийн үеийнхэн ганц нэг шүлэг бичээд “Болор цом” авчих гээд л үхэлдэж байсан. Тэдний хажууд би арай дөнгүүр сэтгэсэн гэж боддог. Тэр сэтгэлгээгээрээ өнөөдөр бүтээл арвинтай яваа болов уу. Романыхаа гар бичмэлийг би анх Түдэв багшид үзүүлж байлаа. Гэтэл Түдэв багш “Чамд үнэхээр авъяас байна. Гэхдээ юм бичиж жаахан дадлагажиж байгаад энэ зохиолоо улам сайжруулаад хэвлүүл” гэж зөвлөсөн. Тэгээд намайг “Үнэн” сониндоо сурвалжлагчаар авч байлаа. Ерээд оны тэр үед би ажил төрөлгүй, орон гэргүй шахам явлаа. Ингэж Түдэв багш намайг сэтгүүл зүйд чиглүүлж өгсөн. Тэгж байтал 1996 оны УИХ-ын сонгуулиар ардчиллынхан засгийн эрхэнд гарч, улмаар Түдэв багш маань “Үнэн” сонины эрхлэгчээс чөлөөлөгдсөн. Тиймээс би “Ил товчоо” сонинд очиж Аким гуайн гар дээр ирсэн. Аким гуай миний марзандуу бичлэгийг их сонирхоно. Тэгээд зөвхөн марзан, шог яриа нийтэлдэг байсан 13-р нүүрээ надад даалган өгч байлаа. Миний бичлэгийг Аким гуай уншаад түсхийтэл инээд алддаг байсан. Тиймээс мань хүн “Чи улс төр, эдийн засаг бичих хэрэггүй. Энэ сэдвийг ямар ч сэтгүүлч биччихнэ. Харин чиний хүн инээлгэдэг ярилцлагуудыг хэн ч хийж, хэн ч бичиж чадахгүй” гэж хэлдэг байлаа. 1999 оноос би бие дааж сонин хийхээр шуударч зөвхөн утга зохиолын тухай хүүрнэдэг “Үүлэн зардас” гэдэг сонин гаргасан ч тухайн үеийн уншигчид гэгээлэг юм унших арай болоогүй байлаа. Тэгээд би “Үүлэн зардас”-ын гурван дугаарыг гаргаж навсайтлаа шатаад бууж өгсөн. Дараа нь Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Дамдины Жамъянтай хамтарч “Хувийн мөрдөгч”, “Шар мэдээ” зэрэг сониныг гаргаж байгаад 2000 оноос яруу найрагч Галсансүхтэй хамтарч ажиллах болсон доо.
-Таны “Эрх танхай нүргэлээн” шүлгийн түүврийн тань өмнөтгөлд Бавуугийн Лхагвасүрэн гуай “Ойдов гэдэг найрагч Монголын утга зохиолын хаалгаар биш цонхоор орж ирлээ” гэж үнэлсэн байдаг. Энэ тухай?
-Бавуугийн Лхагвасүрэн гуай бид хоёр аль ерээд оны танилууд. Тэр байтугай бид хоёр хамтраад “Мартагдсан аялгуу” гэдэг сонин гаргах гэж байсан улс. Ийм нэртэй сонины эрх Лхагвасүрэн гуайд одоо байдаг юм. Тухайн үеийн сэтгүүлчид дотроос Лхагвасүрэн гуай бичлэг сайтай, хөдөлмөрч, дайчин шаргуу гэж намайг онцолж байсан юм. Бид хоёр “Мартагдсан аялгуу” сониндоо юуны тухай өгүүлэхээ хүртэл төлөвлөж байлаа. Их гоё сонин гарах байсан. Даанч нөгөө л мөнгө төгрөг босгох асуудал нь удаашраад, төдөлгүй Лхагвасүрэн гуай төрийн хүн болж дээшээ дэвшээд “Мартагдсан аялгуу” сонин мэндэлж чадаагүй. Шүлгийн хувьд гэвэл Лхагвасүрэн гуай миний гар бичмэлийг уншаад үнэхээр таашаал авсан юм билээ. Ялангуяа миний марзан шүлгүүдийг хүүхдүүддээ зориуд уншуулсан гэж байгаа. Өнөөдөр би Түдэв, Аким, Жамъян Лхагвасүрэн гээд багш нарынхаа тухай дурсах нь зөв гэж бодож байна. Хэрвээ эдгээр хүмүүсийг бурханы оронд одсоных нь дараа ингэж ярих юм бол намайг хүмүүс худлаа ярьж өөрийгөө дөвийлгөж байна гэж бодно шүү дээ. Зохиолчдын хороогоор архи дарс эргүүлээд, нэг муу сөөсгөр шүлэгчийг барьж авч үнсээд, багш шавь болоод байдаг Төрийн соёрхолтон, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн мэр сэр байдаг юм билээ. Ийм хүмүүстэй найз нөхөд, багш шавь болох амархан болов уу. Хэдэн халтар хултар шүлэгтэй, архи, хадаг хоёр байхад л болчих байх. Харин миний дээр дурдсан дөрвөн эрхэм бол халамцуу ухаанаар хэн нэгнийг барьж авч үнсээд, хэн нэгнийг учир утгагүй магтаж мандуулаад байдаг улс биш. Архи дарснаас хол хөндий байдаг ийм хүмүүстэй ойртон нягтарч, зохих ёсоор үнэлэгдэнэ гэдэг хэцүү шүү. Өнөөдөр манай Дамдины Жамъян ах гэхэд л “Чорос,” Тэнгэрийн чулуу”, “Хулан хатан”, “Чингис хааны мэнгэ”, “Хубилай сэцэн хаан” зэрэг түүхэн роман бичлэгээрээ Монголдоо толгой цохиж байна шүү дээ. Төрийн соёрхолт зохиолч Балжирын Догмид гуай хүртэл “Зохиолч Дамдины Жамъянгийн өмнө нь хэн ч байхгүй, хойно нь хэн ч байхгүй. Энэ бол тасархай зохиолч” гэж үнэлсэн байгаа юм.
-Эцэст нь нэг зүйлийг асууя. Эфталит гэдэг чинь ямар утгатай үг вэ? Энэ романаа та хэзээ хэвлүүлэх вэ?
-Манайхан “Хүннүгийн Аттила” гэж их ярьдаг. Аттилагийн тухай роман бичсэн хүн ч бий. Эрт цагт Хүннү гүрэн хоёр хуваагдаад нэг хэсэг нь Ром руу, нөгөө хэсэг нь Энэтхэг рүү гарсан байдаг. Энэтхэг рүү гарсан хүннүчүүдийг “Эфталит” буюу цагаан хүннүчүүд гэж нэрлэдэг. Цагаан хүннүчүүдийн тэргүүн Михиракул гэдэг аймаар амьтан Араб, Энэтхэгийн түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байдаг юм. Хүннүгийн Аттила Ромын эзэнт улсыг сандаргаж байсан бол Эфталитын Михиракул Энэтхэг, Кашмирыг сандаргаж байсан хүн. Үнэн хэрэгтээ бидний өвөг дээдэс. Энэ хоёрын анхдагч нь Аттила. Манайхан ихэвчлэн анхдагчийг нь илүү мандуулдаг. Хоёр дахь, гурав дахь этгээдийг тоодоггүй. Жишээ нь Чингүнжавыг илүү ихээр шүүрч аваад Орлой мэргэн Цагааныг дурсдаггүй. Үүн шиг Аттилаг илүү ихээр шүүрч аваад Михирукалыг мэддэг ч үгүй. Францын түүхч Рене Груссе, Энэтхэгийн түүхч Ж.Неру нар Михиракулыг түүхэнд гаргаж ирсэн. “Цагаан хүннүчүүд уулсыг даван Энэтхэгт орж ирлээ” гэсэн Ж.Неругийн бичлэг байдаг шүү дээ. Би “Эфталитын хүн овогтнууд” романдаа Михиракулын тухай өгүүлэхээс гадна түүний үр сад болох Барамба, Няранзана нарын тухай өгүүлсэн. Зохиолын өрнөл хэсэгт энэ хоёр хөвгүүн тухайн үед Энэтхэгт алдаршиж байсан Наландарын хийдэд бурханы ном сурахаар очдог. Гэвч Энэтхэг орныг сүйтгэсэн цагаан хүннүчүүдийн удам гэдэг нь илчлэгдсэнээр хоёр хөвгүүн Наландарын хийдээс хөөгддөг. Тэд нутаг буцахын оронд ууланд гарч диян хийгээд ид шидийн хүчээр Наландарын хийдийг шатаахаар болдог. Ингээд гурван жил бясалгал хийгээд Няранзана алган дээрээ шороо тавихад тэр нь бүлээснэ. Барамба нь их хэрцгий. Дахиад гурван жил бясалгал хий гэж Барамба тушаана. Гурван жилийн дараа Няранзана алган дээрээ шороо тавихад тэр нь буцална. Барамба дияаныг дахиад гурван жилээр сунгана. Есөн жилийн дараа Няранзана аргал шүүрч аваад чулуудахад тэр нь цогшино. Барамба болоогүй байна гээд дахиад гурван жилээр сунгана. Ингээд 12 жилийн дараа гэгээрсэн хутагт Няранзанын гарт баригдсан болгон гал болж шатна. Тэгээд алдарт Наландарын хийдийг юу ч үгүй болтол шатааж байгаа тухай гардаг юм. Түүхэндээ Наландарын хийд шашны ландармуудаас болж шатсан юм билээ. Энэ зохиолыг би эхэндээ дуурийн цомнол маягаар бичиж байлаа. Тэгээд ерээд оны үед хөгжмийн зохиолч Соронзонболдтой хамтарч дуурь хийхээр тэр үеийн дуурийн театрын захирал Эрдэнэбулган гуайд үзүүлж байлаа. Эрдэнэбулган гуай миний тэр дуурийн цомнолыг үнэхээр биширч байсан. Ямар гоц санаа вэ гээд л магтаад байсан. Тэгээд Соронзонболд хөгжим бичихээр болсон ч мөнгө төгрөгөөр тарчиг ядуу ерээд оны тэр үед дуурь ивээн тэтгэчихээр том бизнесмен ховор байсан болохоор “Эфталитын хүн овогтнууд” маань дуурь болж чадаагүй. Эрдэнэбулган гуай ерээд оны тэр явдлыг одоо бараг санах болов уу. Дуурь болж чадаагүй болохоор нь би хор шарандаа роман болгож бичсэн. Бурхан шашны тухай “Оройгүй сүм” гэдэг сайхан зохиол бичсэн Түдэв багшид миний зохиолын гоц санаа нь таалагдсан байх. Одоогоос хоёр жилийн өмнө Түдэв багш намайг утсаар холбогд гэж хүнээр хэлүүлж, би ч нэг л их гоё санал тавих нь гэж бодоод түүнтэй утсаар холбогдлоо. Тэгтэл “Ерээд оны нөгөө зохиолоо яагаад хэвлүүлэхгүй байна вэ” гэж тушаах, сануулах хоёрыг хослуулж байна лээ. Хэвлүүлэх арай л болоогүй байна. Хорин жилийн өмнөх бичлэгээ эргээд харахад засагдах юм их байна лээ. Нууцгүй хэлэхэд “Эфталитын хүн овогтнууд” романаа маш том юман дээр сойж байгаа.
Т.Батмөнх
Сэтгэгдэл (29)