Зарлагдсан ханш USD 1914.13
Улаанбаатар
Өнөөдөр / 2015.05.29
20
Өдөртөө
7
Шөнөдөө

ЕБС-ийн анги дүүргэлт хэтрээд байна

2013 оны 5 сарын 8
УРИАЛГА
 
 23-р сургууль  2012-2013 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын төрийн өмчийн 111 сургуулийн 5094 бүлэгт 158,396 суралцагч суралцаж байгаагаас 50.4 хувийг бага, 29.4 хувийг дунд, 20.2 хувийг ахлах ангийн бүлэг тус тус бүрдүүлж байна.

   Нийслэлийн хэмжээнд Сүхбаатар дүүргийн 1, 58-р сургууль, Чингэлтэй дүүргийн 5, 23, 24-р сургууль, Баянзүрх дүүргийн 84, 33-р сургууль, Хан-Уул дүүргийн 18, 52-р сургууль, Баянгол дүүргийн 93-р сургуульд бага ангийн бүлэг дүүргэлт хэт өндөр, тогтоосон нормативаас хэтэрсэн буюу нэг ангид дээд тал нь 50 хүүхэд хичээллэж байна.

   Цэцэрлэгийн бүлэг дүүргэлтийн тухайд БСШУ-ны Сайдын 405 тоот тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 2.3-д “цэцэрлэгийн бага бүлгийг дунджаар 20, дунд, ахлах, бэлтгэл бүлгийг дунджаар 25, холимог бүлгийг дунджаар 20 хүүхэдтэйгээр зохион байгуулна” гэж заасан. Гэвч өнөөгийн нөхцөл байдал, цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан “Цэцэрлэгийн хүүхдийн элсэлтийг зохион байгуулах үйл ажиллагааны зөвлөмж” боловсруулан нэг бүлэгт 30-40 хүртэлх хүүхдийг бүртгэн ажиллаж ирлээ. 2012-2013 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн 176 цэцэрлэгийн 1357 бүлэгт 53107 хүүхэд хамрагдаж, нэг багшид 40.6 хүүхэд ногдож байна.  
   Ийнхүү ЕБС, цэцэрлэгийн нэг ангид суралцаж байгаа хүүхдийн тоо нормативаас хэт өндөр байгаагаас  анги танхим, сургалтын орчны эрүүл ахуйн шаардлага алдагдаж  халдварт өвчин тархах нөхцлийг бүрдүүлэхэд нөлөөлдөг.  

  Бүлэг дүүргэлт нормативт хэмжээнээс хэтэрснээр багш нарын ажлын ачаалал ихсэж, нэг багшид ногдох хүүхдийн тоо эрс нэмэгдэж, хүүхэд бүртэй ажиллах, хүүхэд бүрийн авъяас чадварыг нээх, хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжийг хязгаарлаж байна. Түүнчлэн сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжид сөргөөр нөлөөлөх, сурагчид нэг ширээнд гурваар суух зэргээр хүүхдийн сурах үйлд бэрхшээл учруулж байгаа юм.  

   Ирэх хичээлийн жилд ЧД-ийн 61, СХД-ийн 9,62,65,67,104,106,107 БЗД-ийн 33, ХУД-ийн 114, 59-р сургуулиуд 3 ээлжээр хичээллэхээс аргагүй байдалд  байна.

  Энэ бүхэн нь Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, бололцоогоор хангуулах” тухай багшийн эрх, 45 дугаар зүйлийн 1.1-д заасан “Суралцах нөхцөл бололцоогоор хангуулах тухай” суралцагчийн эрх тус тус зөрчиж байна.   

    Бүлэг дүүргэлт тогтоосон нормативаас хэтрэхэд дараах хүчин зүйлс нөлөөлж байна. Үүнд:

1. Хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирж буй иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа;
2. Тухайн сургуулийн хамран сургах тойрогт олон тооны орон сууц шинээр баригдаж байгаа ч сургууль цэцэрлэгийн төлөвлөлт байхгүй ;
3.  Дээрх 8-10 сургуульд хүүхдээ элсүүлэхийн тулд хамран сургах тойргийн хамаатан садан, ах дүү, эмээ өвөөгийнхдөө байлгах “тавиул” хүүхдийн тоо нэмэгддэг, зохиомол шилжилт хөдөлгөөн их байдагтай холбоотой
4. Хороо, дүүргийн албан хаагчид, удирдлагуудаас Улсын Их Хурлын гишүүд хүртэлх төрийн албан хаагчид, Мэргэжлийн хяналт, Аудит зэрэг хяналт шалгалтын байгууллагуудын албан хаагчдын хүсэлт, цохолтоор тойргийн бус хүүхэд элсүүлж байгаа байдал тус тус нөлөөлж байна.

   Нийслэлийн боловсролын газар, сургуулийн өмнөх боловсролын болон бүрэн дунд сургуулийн багш, ажилчид бид бүхий л шатандаа боловсролын хуулийг хэрэгжүүлэх, бидний хойч ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрхээрээ, мэргэжлийн өндөр түвшинд ажиллахыг байнга хичээсээр ирсэн билээ.
   Бидний хичээл зүтгэлийг дэмжин, хойч ирээдүйнхээ сайн сайхны төлөө эцэг эх, асран хамгаалагчид, бүх шатны төрийн албан хаагчид  та бүхнийг асуудалд бодитой хандан ачаалал ихтэй сургуулиудад цохолтоор хүүхэд өгөхгүй байх хамран сургах тойргийнхоо хүрээнд хүүхдүүдээ сургахыг уриалж байна.
    Боловсролын чанарын шинэчлэлийг бүх нийтээр хэрэгжүүлэн Монгол эх орны  минь ирээдүй болсон  хойч үеийнхнийхээ төлөө та бүхэн бидний энэхүү уриалгыг дэмжин хуулиа дээдэлнэ гэдэгт итгэж байна.

Эрдэм номын зам мөр ариун байх болтугай.


НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...