Өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулж байсан шатахуун түгээх станцыг дээрэмдэж, тус шатахуун түгээх станцын ажилтан эмэгтэйг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Хэрэг гарсан даруй ЦЕГ, ЭЦГ, НЦГ, ЗЦГ, Төв аймгийн цагдаагийн газар мөн тусгайгийнхнаас бүрдсэн 70 гаруй алба хаагчдын бие бүрэлдэхүүн Батсүмбэр суманд ажиллаж, тухайн өдрийн галт тэргээр хойд урд чиглэлд явсан зорчигч бүрийг шалгасан. Хэрэгт нутгийн дөрвөн иргэнийг саатуулан шалгасан ч уг хэрэгт холбогдолгүй болохыг нотлон сулласан. Харин хоёр нь өмнө нь малын хулгайн хэрэг үйлдэж байсан хэмээн саатуулагдан шалгагдаж байгаа. Цагдаагийн байгууллагаас хэрэгтнүүдийг олоогүй байгаа, хэргийг шалгаж байгаа хэмээсэн ч эх сурвалжийн мэдээлснээр гэмт хэрэгтнүүдийг аль хэдийн саатуулан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Хэргийн талаарх мэдээллийг мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан хойно мэдээлнэ гэжээ.
Б.Чимэг