АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын байгуулсан гэрээний нууц хавсралт гэгч зүйл цахим ертөнцөд цацагдаж шуугиан тариад байгаа. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг "энэ бол хуурамч зүйл, ТЕГ-аар үүнийг шалгуулна" гэж мэдэгдсэн. Үүний дагуу ТЕГ твитерчид, сэтгүүлчдийг байцааж эхэлсэн нь урьд өмнө үзэгдэж байгаагүй шинэ явдал юм. ТЕГ нь улс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн тусгай үүрэг бүхий байгууллага, мөн хуулиар харьяалуулсан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг шалгадаг. Харин бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргийг цагдаа, прокурорын байгууллага шалгах учиртай. Гэтэл ТЕГ хуулиар хамаарахгүй хэргийг шалгаж, ингэхдээ олон нийтэд айдас төрүүлэхүйц байдлаар шөнө дөлөөр сэтгүүлчдийг дуудаж байцаан, залхааж байгаа нь олон хүний дургүйцлийг хүргээд байгаа билээ. Энэ талаар хотын дарга Э.Бат-Үүл ТЕГ-ийн дарга Б.Ариунсанг ажлаас нь чөлөөлөх ёстой. ТЕГ бол Ерөнхий сайдын хувийн мөрдөх товчоо биш гэж нэлээд ширүүн байр сууриа илэрхийлжээ. Тэгвэл ТЕГ-аас байцааж шалгаад байгаа сэтгүүлчдийн нэрс эхнээсээ тодорч эхэллээ. Тодруулбал сэтгүүлч У.Оргилмааг нууц гэрээ гэх зүйлийг өөрийн твитертээ "ДЖ" хийсний төлөө бүхэл шөнөжин байцаасан гэдгийг хоёрдугаар суваг телевизийн захирал Б.Мөнхбаясгалан зарлав. Энэхүү явдлыг сонссон твитерчид "ямар ч цаг үе ирчихэв ээ" гэж байр сууриа илэрхийлэн болсон явдлыг шүүмжилж байна.
Сэтгэгдэл (33)