УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаан үдээс өмнө 10:00 цагт хуралдах ёстой байсан боловч АН-ын бүлгийн хурал сунжирснаас болж 15:00 цагт эхэлсэн юм. Чуулганы хуралдаанаар төсөв, галт зэвсгийн тухай хууль, аж ахуй нэгжийн орлоын албан татвартай холбоотой хуулиудыг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын дарга З.Энхболд дараалалд тусгасан байна. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сайдад хариуцлага тооцох, Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулаад 10 хонож байна. Энэ асуудал өөрөө хуулийн хугацаатай. Ажлын 5 хоногт байнгын хороогоор хэлэлцэж нэгдсэн чуулганд оруулах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаагүй байна. Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан хугацаа өчигдөр дууссан, эрх баригч намынхан хоорондоо ойлголцох асуудал байна гээд өчигдөр бүтэн өдөржин бүх байнгын хороо хуралдаагүй, өнөөдөр бид 15:00 цаг хүртэл чуулганы танхимд та нарыг хүлээлээ. Хуулиараа хугацаатай хариуцлагын асуудлыг маш удааж, гацаадаг улс орны эдийн засаг, ахуй амьдралтай холбоотой асуудлыг ярьдаггүй ийм жишиг тогтож байна. Эрх мэдэл албан тушаалтайгаа зууралдсан, сандал суудалтай байх гэсэн асуудлыг дэндүү удааж байна. Давхар дээлийг тайлах асуудлыг 150 хоног, Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг 40 хоног Н.Батбаяр сайдад хариуцлага тооцох асуудлыг 120 хоног хэлэлцсэн. Ингээд эцэст нь бүтцийн өөрчлөлтөөр хэлэлцэх асуудлаас хасагдсан. Хариуцлага тооцох асуудлыг яагаад ингэж удааж гацаагаад байгаа юм бэ? АН-ын бүлэг завсарлага авч байгаа юм уу? Үгүй бол хуулийн дагуу төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд чуулганы хуралдаанаар хэлэлцээд явья. Хариуцлага тооцох ёстой гэж байгаа бол тооцоод явья. Засгийн газар чинь сайн ажиллаж байгаа, амьдрал сайхан байна гэж байгаа бол та хэд кнопдоод явчихаач. Тавин хүнтэй олонхи шүү дээ та хэд гэж хэлэв” Харин УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг л хэлэлцэнэ. Эдгээрийг шуурхай явуулчихвал үргэлжлүүлээд төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад явья гэснээр чуулган үргэлжилж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)