Хоёр хоногийн өмнө МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтэрүүлэгт оролцсон. Уг нэвтэрүүлэгт Н.Энхбаярыг өөрийнх нь орчуулсан Жонатан Ливингстон хэмээх цахлайтай зүйрлэсэн билээ.
Тиймээс "Жонатан Ливингстон хэмээх цахлай" гэсэн зохиолыг Н.Энхбаярын орчуулснаар хүргэж байна.
Бидний хэний маань ч дотор амьдарч буй, зохиомол бус Жонатан цахлайд зориулав.
Тэргүүн хэсэг
Өглөө болж идэрхэн нар, намуухан далай дээр тусч, гэрэл, туяа нь бяцхан давалгаануудтай наадан бүжиглэнэ. Эргээс нэг бээрийн зайтай хөвж буй усан онгоцноос дотроо идэш өгөөштэй тор хаяж загас барих гэж байна гэсэн мэдээ нүд ирмэх зуур өглөөний хоолоо идэх гэж байсан Сүрэг цахлайн сонорт хүрчээ. Тэр дорхноо мянга мянган цахлай агаарт хөөрч, усан онгоцыг тойрон үймж, авхаалж самбаа, арга залийг уралдуулан, бор ходоодоо борлуулна. Ингэж хорвоогийн бас нэг зовлонт өдөр эхлэв.
Гэтэл усан онгоц, хуурай газраас хол орших тэнгэр огторгуйд Жонатан Ливингстон нэртэй цахлай ганцаараа нисэн дүүлж бэлтгэл сургууль хийж байв. Зуун тохой хэртээ өндөрт дүүлснээ гэдсэн дороо хумьсан хоёр хөлөө сул унжуулж, хушуугаа өөд нь өргөж, нум лугаа адил тахир хоёр далавчаа урагш нь сунгаж, хамаг бие нь айхтар өвдсөн ч тэвчиж, ийм байдалтайгаар нэг хэсэг нисэхийг хичээх ажээ. Урагш нь сунгасан хоёр далавч нь хурдыг нь сааруулжээ. Одоо ийм удаан нисэхэд, салхи чихнийх нь дэргэдүүр дуулдахтай үгүйтэй сэрчигнэн, доор нь цэнхэртэн харагдах далай огт хөдлөхөө больсон мэт санагдана. Нүдэнд нь гал ассаныг харвал нэгэн зүйл рүү бүх бие сэтгэлээрээ тэмүүлсэн нь илэрхий. Амьсгалаа хорьж далавчаа дөнгөж ердөө л хоёр хуруу хэртэй хумив. Тэр дороо өд сөд нь сөрвийж хурд нь саарсаар цахлай доош уналаа. Уг нь цахлайнууд нисч байхдаа элдвийн юм боддоггүй, хурдаа сааруулдаггүйг та бид цугаараа мэднэ. Агаарт нисч яваад зогсчихно гэдэг цахлайд хамгийн муухай гутамшиг, хамгийн дээд зэргийн бузар булай явдал юм. Гэвч ичихийг умартаж, далавчаа дахин дахин хумьж нисч байхдаа хурдаа сааруулан байн байн доош унаж буй Жонатан Ливингстон бол жирийн шувуу биш байжээ.
Олонх цахлай, нисэхийн тухайд гэвэл зөвхөн эргээс хоолтой газар хүртэл, тэндээс эргэж эрэг хүртэл яаж нисэх вэ хэмээх хамгийн энгийн зүйлээс өөр юу ч мэдэхийг хүсдэггүй. Ихэнх цахлай хамгийн чухал нь хоол гэж боддог. Харин энэ цахлай нисэхийг эрхэмлэн чухалчилж хоолыг үл тооно. Энэ дэлхийд Жонатан Ливингстоны хамгийн дуртай юм нь нисэх байжээ. Гэвч энэхүү эрдэм хүслийг нь бусад шувуу үл ойшоодог юм байна гэдгийг мэджээ. Тэр битгий хэл эцэг эх нь хүртэл Жонатаныг өдөржин сүргээсээ тасархай ганцаараа хол явж дахин дахин өөрийгөө туршиж усны гадаргууг шүргэн алдан дүүлэхийг харж санаа сэтгэлээ зовоох ажээ. Жонатан, чухам яагаад дэлгэсэн далавчных нь хагастай тэнцэх өндөрт нисч байхад бараг хүч зарцуулахгүй ч гэсэн агаарт удаан тогтож болдог вэ гэдгийг ойлгохгүй байв. Тэрбээр хурдаа аажмаар сааруулсаар, хоёр хөлөө биендээ наасаар усан дээр буухад бусад шувуудын буухтай адил ус цацагдахгүй бөгөөд харин усны гадаргуу дээр урт гээчийн хөөсөн мөр гарах ажээ. Тэр мөр, хэдийгээр Жонатан усны гадаргуу элгээрээ шүргэх боловч хөлөө хумьсан хэвээр цээжээрээ ус ярж эхлэх яг тэр цэгээс эхлэнэ. Харин тэрбээр хуурай газар дээр хөлөө биеэсээ салгалгүй жингүйдэж, элгээрээ газар шүргэн шүргэсээр бууж элсэн дээр үлдээсэн мөрийнхөө уртыг алхаагаараа хэмжиж эхлэхэд эцэг эх нь бүүр ч их санаа зовох аж. Ээж нь асуусан нь: “Жон минь дээ, яагаад чи бид нартай адил биеэ авч явж чаддаггүй юм бэ? Яахав, Хотон шувуу, Халуу мэргэн шувууд л агаар мандалд дүүлж яваг л даа. Яагаад чи юу ч идэхгүй байна вэ? Хүү минь, чамаас яс арьс хоёр л үлдсэн байна шүү дээ.” “Яах вэ ээж минь, яс арьс хоёр үлдсэн байг. Би агаарт яаж нисч чаддаг, яаж нисч чаддаггүйгээ мэдэхийг хүсч байна. Өөр юу ч надад хэрэггүй.”
Эцэг нь хүүдээ хандан үл уцаарлан хэлсэн нь: “Жонатан минь, чи сонс. Өвөл хаяанд иржээ. Удахгүй загас агнуурын онгоцууд улам ховор үзэгдэх болно. Усны бараг гадаргуу дээр хөвж байгаа загас жараахайнууд цөмөөрөө усны гүнийг бараадна шүү. Хэрэв чи заавал юм сурч мэдэхийг хүсч байгаа бол иддэг хоолоо судал, тэр хоолоо яаж олох аргаа судал. Нисэх гэдэг яах аргагүй сайхан хэрэг. Гэхдээ ниссэнээр цадахгүй шүү дээ. Чи нисэхийн тулд нисч чаддаг бус харин хоолоо олж идэхийн тулд нисдэг юм гэдгээ санаж яв.” Жонатан дуугүй толгой дохив. Хэдэн өдөр бусадтайгаа ижилхэн байх гэж оролдов. Муухай чарлаж, хоол булаацалдаж, тааралдсан газраа цахлайнуудтай уралцаж, олдсон загас, талхны булангийн хойноос усанд шумбаж байлаа. Гэвч өөдтэй юм ер алга байлаа. “Хэрэг алга. Шал дэмий юм.” хэмээн бодож, арай чүү гэж олсон загасаа араас нь муухай чарлан хөөж явсан эм цахлайд чулуудаж өгөв. Тэгээд бодсон нь: “Хайран цаг. Энэ цагаа нисч сурахад зориулсан бол сайхнаа. Мэдье гэсэн юм уул шиг их байдаг, гэтэл би ингээд явж байдаг.”
Ингээд Жонатан дахин сүргээсээ тасарч холын хол далайд гарчээ. Өлсөх нь үнэн, гэхдээ шинийг мэдье гэсэн хүслэн нь илүү учраас зүрх сэтгэл нь баяр баясгалангаар дүүрэн. Нисэхийн хурдыг судалж долоохон хоногийн дотор, хурд гэж чухам юу болохын талаар энэ дэлхий дээр байдаг хамгийн хурдан цахлайнаас илүү мэддэг болжээ. Далайн гадаргуугаас мянган тохой хэртээ өндөрт дүүлснээ далавчаа улам хүчтэй дэвж эгц доошоо ниссэнээ яагаад цахлай шувууд доошоо нисэхдээ далавчаа хумьдагийн учрыг ойлгов. Зургаан хормын дараа, цагт далан бээрийн хурдтай нисэх боловч ийм үед далавчаа дэвэхэд бие нь тогтворгүй болох ажээ. Хэчнээн ч оролдоод нэмэргүй. Яаж ч хичээж, яаж ч хушуугаа зуусан хурд нь нэмэгдмэгц агаарт биеэ удирдаж чадахаа больж байлаа. Дахин мянган тохой хэртээ өндөрт дүүлж гарлаа. Хүчээ шавхан урагшаа ухасхийж тэр эрчээрээ доошоо нисч улам их хурд авав. Гэтэл гэнэт яаж ч хүчлэвч зүүн далавчаа дээш нь өргөж чадахаа больж, тэгмэгц өөрийн эрхгүй тэр тал руугаа хазайв. Тэнцвэрээ олохын тулд баруун далавчаа дэвэхээ болимогц тэр чигээрээ баруун тийшээ тонгорч сүүл толгой нь хаана байгаа нь мэдэгдэхгүй ямар ч удирдлагагүй бөмбөг мэт нэг бөөн эргэлдсэн юм доошоо унана.
Яаж ч оролдовч далавчаа дээш нь өргөж чадахгүй байв. Арав дахин оролдож үзэв. Гэвч оролдох бүр цагт далан бээрийн хурдтай болмогц биеэ удирдах чадваргүй болж эргэлдсээр усанд хаясан чулуу мэт унана. Жонатан хамаг өд сөдөө норгосныхоо дараа сая л их хурдтай нисч байгаа нөхцөлд хоёр далавчаа дэлгэсэн хэвээр нэг л байдалд барих хэрэгтэй, цагт тавин бээрийн хурдтай болтлоо далавчаа дэвж байгаад хурд нь нэмэгдэхэд хоёр далавчаа нэг байдалд огт хөдөлгөлгүй барих хэрэгтэй гэж ойлгожээ. Одоо хоёр мянган тохой хэртээ өндөрт гарч сүүлчийн удаа оролдож үзэхээр шийдэв. Хушуугаа урагш нь сунгаж хоёр далавчаа дэлгэж доошоо нисэв. Цагт тавин бээрийн хурдтай болмогцоо далавчаа дэвэхээ больжээ. Далавчаа үл хөдөлгөн нэг байдалд барина гэдэг аймшигтай хэцүү байсан ч тэвчив. Бүхэл бүтэн арван хормын турш цагт ерэн бээрийн хурдтайгаар харвасан сум лугаа адил хурдан нисчээ.
Ийнхүү Жонатан цахлайнуудын дунд хурдан нисэхийн дээд амжилтыг тогтоолоо! Гэвч тун удалгүй баяр баясгалан нь замхарчээ. Далавчныхаа байдлыг ялимгүй өөрчлөн улмаар нисэх чиглэлээ өөрчлөх гэтэл нөгөө ясан гартай, өрөвдөх хайрлахыг мэддэггүй аймшигт салхи түүнийг эрхэндээ оруулж тааралдсан газраа нүүр нүдгүй балбаж цагт ерэн бээрийн хурдтайгаар авч нисээд хааш нь л бол хааш нь эргүүлэн тонгоруулах нь биеийг нь хэдэн арван хэсэг болгон урж тасдаж байна уу гэлтэй. Одоо өөрөө тэнгэрт тэсэрч буй бөмбөг мэт байлаа. Жонатан цахлай далайн гадаргууд нэлээн ойртсон ч салхитай тэмцэж байснаа аргагүй хүч дутаж, биеэ салхинд мэдүүлж, хад чулуу лугаа адил хатуу болсон усанд айхтар хүчтэй уналаа.
Хэр зэрэг удаан хэвтсэнийг мэдэхгүй, нэг мэдэхнээ сэрж ийш тийш харвал тэнгэрт од түгж, сар гарсан байх бөгөөд өөрөө сарны гэрэлд далайн усанд хөвж байлаа. Салхинд бяц гуядуулсан хоёр далавчинд нь тугалга зүүсэн мэт хүндэрсэн байв. Гэвч санаж хүссэн нь бүтсэнгүй гэсэн гашуун бодол түүнээс ч илүү хүнд ачаа болон дээрээс нь дарах аж. Энэ ачаа доош нь чангаасаар далайн усанд живүүлээсэй, тэгвэл нэг мөр бүх юм дуусна гэж бодов. Тэгээд усанд живж эхэлтэл дотор нь үл танигдах баргил хоолой дуугарах сонсдов.
Түүний хэлэх нь: “Мэддэг мэх үнэхээр дууслаа. Би бол жирийн цахлай. Би чадах юмаа л хийж чадна. Хэрэв би нисэхийн тухай бүх юмыг мэдэх ёстой байсан бол жирийн толгойныхоо оронд лав тооцоолон бодох машинтай төрөх байсан. Хурдан нисч чадах ёстой байсан бол анхнаасаа харцага лугаа адил богинохон далавчтай төрөх байсан бөгөөд загас биш харин хулгана иддэг байх ёстой. Миний эцгийн хэлдэг түмэн зөв. Би энэ солиотой хүслээ мартах ёстой. Одоо гэртээ харьж сүрэгтэйгээ нийлэх хэрэгтэй. Хүч чадал дорой, өрөвдөлтэйхэн цахлай гэдгээ хүлээн зөвшөөрч цаашид бусадтайгаа адил амьдрахаас илүү зөв юм байхгүй.” Ингэж хэлснээ тэр дуу дуулдахаа болив.
Жонатан хэлснийг нь аргагүй хүлээн зөвшөөрөв. Тэгээд түүний шийдсэн нь: “Шөнийн харанхуйд цахлай шувуу эрэг дээр л сууж байх ёстой. Би үүнээс хойш бусдаасаа ялгарахаа больё. Ингэснээр хэн хэнд маань сайн болно.” Ийнхүү бодсоноо туйлын ядарч цуцсан шинжтэй, далайн уснаас агаарт хөөрч, гэхдээ өндөрт дүүлсэнгүй, хүч бараг зарцуулалгүй нисч сурсандаа баярлаж эргийн зүг нислээ.” Тэгснээ түүний бодсон нь: “Үгүй ээ. Би чинь саяхан амьдралаасаа, сурсан мэдсэн бүх юмнаасаа татгалзсан биш бил үү? Би бол бусадтайгаа ижилхэн жирийн нэг цахлай шувуу, тэгэхлээр цахлайнуудын нисдэг шиг л нисэх ёстой.” Ингэж бодсоноо үлдсэн бүх хүч тэнхээгээ шавхан арай чүү гэж зуун тохой хэртээ өндөрт хөөрч ар гэр рүүгээ яаран хоёр далавчаа хүчтэй дэвж гарлаа. Сүрэг цахлайнуудтай адил амьдрах хэрэгтэй хэмээн санаа шулуудахад мөрөн дээрээс нь бул чулуу аваад хаячихсан юм шиг бие сэтгэл аль аль нь хөнгөрчээ. Танин мэдэхийн хөлөгт өөрийгөө аваачиж хүлсэн тэр гинж нь тасарч, сурч мэдэхийн тулд тэмцэх хэрэггүй, тэмцэх гэдэг хэрэггүй болохоор ялагдана гэдгийг мэдэхгүй амьдрах болжээ. Элдвийн юм бодож тархи толгойгоо гашилгахгүй, гагцхүү тэртээ хол шөнийн харанхуйг цоо нэвтлэн гялалзах эргийн гэрлүүдийг зорин нисэх нь юутай сайхан бэ гэдгийг ойлгов.
Гэтэл гэв гэнэт нөгөө түгшүүрт, баргил дуу хоолой дуугарах нь сонсдов. Түүний хэлэх нь: “Цахлай шувуу хэзээ ч харанхуйд нисдэггүй юм!” Гэвч Жонатан энэ хэлснийг нь сонсох ч хүсэлгүй байлаа. Түүний бодох нь: “Эргэн тойрон нам гүм, энх амгалан. Тэнгэрт сар гарч, гэрэл нь далайн уснаа тусч нэг ёсны эрэгт хүрэх замыг зааж өгөх нь юутай сайхан бэ”.
“Доошоо буу! Цахлай шувуу хэзээ ч харанхуйд нисдэггүй юм. Хэрэв чи шөнө нисэх ёстой байсан бол чамд лав шар шувууны нүд заяасан байх учиртай! Чи наад жирийн толгойныхоо оронд тооцоолон бодох машинтай төрөх байсан!” Зуун тохой хэртээ өндөрт нисч явсан Жонатан Ливингстон нүдээ анив. Нэгэн бодол санаанд нь цахилгаан лугаа адил гялсхийн харваж, саяхан бүх бие нь хатгуулан өвдөж байсан бол одоо огт өвчингүй болж нөгөө санаа шулуудаж жирийн цахлайнуудтайгаа эргэж нийлье гэж бодсоноосоо буцлаа. Богинохон далавч. Харцагын богинохон далавч! Таавар нь энэ байна шүү дээ! “Би гэж ёстой усан тэнэг амьтан юм даа! Надад зөвхөн богинохон далавч, бүр тун богинохон далавч л хэрэгтэй юм байна шүү дээ. Би доошоо нисэхдээ зөвхөн далавчаа хумьж гагцхүү хоёр далавчныхаа үзүүрийг л хөдөлгөж байх ёстой юм байна шүү дээ! Богинохон далавч!”
Нүд ирмэх зуур хоёр мянган тохой хэртээ өндөрт хөөрч үхэх, бэртэхийн тухай өчүүхэн ч бодож эргэлзэлгүй шууд хоёр далавчаа хумьж, зөвхөн хурц үзүүртэй хутга лугаа адил хоёр далавчныхаа үзүүрийг нь хөдөлгөн доошоо нисэв. Салхи биеийг нь дагаж үлээхдээ аймшигтэй чангаар архирах ажээ. Хурд нэмэгдсээр, цагт дал, ер, зуун хорин бээрийн хурдтай боллоо! Түүнээс ч хурдан болов. Урьд өмнө цагт далан бээрийн хурдтай болмогцоо биеийнхээ тэнцвэрийг алдахгүйг хичээн хамаг хүчээ гаргадаг байсан бол одоо цагт зуун дөчин бээрийн хурдтай нисэх боловч бие нь тэнцвэртэй хэвээр байлаа. Хоёр далавчныхаа үзүүрийг ялимгүй хөдөлгөмөгц нисэх чиглэл нь өөрчлөгдөж дээшээ хөөрч, шөнийн далайн давалгаанууд дээгүүр их бууны сум лугаа адил шуугиулан өнгөрөв. Сарны гэрэлд бие нь саарал өнгөтэй мэт харагдаж ажээ. Урдаас нь айхтар хүчтэй салхи үлээх учраас нүдээ аньж бодсон нь: “Цагт зуун дөчин бээр! Биеийнхээ тэнцвэрийг алдсангүй шүү! Хэрэв таван мянган тохой хэртээ өндрөөс доошоо нисэх юм бол миний хурд хэдэд хүрэх бол...”
Нөгөө түрүүний зөв зүйтэй санагдсан бодлуудыг нь хүчтэй салхи аваад явчихжээ. Гэвч хэдийгээр саяхан өөртөөөргөсөн тангаргаасаа буцаж байгаа боловч санаа сэтгэл нь зовохгүй байлаа. Ер нь тиймэрхүү тангараг жирийн цахлайнуудыг л хүлцэнгүй барих чадалтай. Харин улам ихийг мэдэж чадахыг зорьсон төгс төгөлдөр чанарт хүрсэн цахлайнууд тэр тангаргийг үл тоомсорлох ажээ. Үүрээр Жонатан дахин бэлтгэлээ эхэллээ. Таван мянган тохой хэртээ өндөрт гарч доошоо харвал, тэртээ доор усан онгоцууд цэнхэрлэн харагдах усан дэвсгэр дээр модны өргөс лүгээ адил, өглөөний хоолоо идэж буй сүрэг цахлай газраас дэгдсэн тоос шиг харагдаж байлаа. Одоо хүч тэнхээ гэвэл шавхагдашгүй мэт санагдаж, гагцхүү ялимгүй чичрэх нь баярласны нь шинж тэмдэг байжээ. Айх сэтгэлээ дарж чадсандаа өөрийгөө их л тоож, бахархаж байв. Олон юм бодож цаг дэмий алдалгүй хоёр далавчаа биедээ нааж, зөвхөн хоёр үзүүрийг нь хумилгүй шууд доошоо нисэв. Дөрвөн мянган тохой хэртээ зайд нисэхэд хамгийн дээд хурдтай болж, салхи, чичирч найгасан хана мэт санагдаж янз бүрийн дуу авиа гаргах бөгөөд тэр хана улам хурдан нисэхэд нь саад болох ажээ. Одоо цахлай эгц доошоо цагт хоёр зуун арван дөрвөн бээрийн хурдтай нисч байлаа. Хэрэв одоо далавчаа дэлгэвэл, салхи түүнийг хэдэн мянган хэсэг болгон тасдана гэдгийг сайн ойлгож байлаа...
Гэвч хурд бол сүр хүч, хурд бол баяр баясгалан, хурд бол ариун нандин гоо үзэсгэлэн аж. Мянган тохой хэртээ өндөрт хүрмэгцээ нисэх чиглэлээ өөрчлөх гэж оролдож эхлэв. Аймшигтай архиран хүржигнэх хүчит салхи хоёр далавчных нь үзүүрийг юу ч үгүй хэмхчин үнгэж үрсэн тул хэлбэр галбир нь алдагджээ. Гэнэт доор нь харагдаж байсан усан онгоц, сүрэг цахлай цугаараа хазайж, юу юугүй өөдөөс нь тосч хурдлах шиг, хэмжээ нь илт томрон нисэх замыг нь хаалаа. Цахлай яаж огцом зогсох, яаж хажуу тийшээ эргэх эрдмийг хараахан сурж амжаагүй байжээ. Одоо юутай ч мөргөлдсөн тэр дорхноо үхэх нь үнэн боллоо. Өөрийн эрхгүй нүдээ тас анив.
Тэр өглөө, нар дөнгөж мандаж байхад Жонатан Ливингстон хоёр нүдээ тас анихдаа цагт хоёр зуун арван дөрвөн бээрийн хурдтай нисч байжээ. Чих дүлийрэм исгэрэх салхины дуун л сонсдоно. Нисэх чиглэлээ өөрчилж чадаагүй Жонатан, яг тэр үед өглөөнийхөө хоолыг зооглож байсан сүрэг цахлайнуудын гол дунд унаснаа тэр эрчээрээ буцаж ойж дээшээ нисчээ. Ашгүй Азын цахлай нигүүлсэнгүй сэтгэлийг үзүүлж хэн ч шархдаж бэртсэнгүй. Жонатан дахин хушуугаа наран өөд хандуулан дээшээ нисэхэд хурд нь цагт зуун жаран бээрт хүрч байлаа. Хурдаа цагт хорин бээр болтол сааруулж, хоёр далавчаа дэлгэхэд нөгөө усан онгоц тэртээ хол дөрвөн мянган тохой хэртээ доор хоцорч одоо далайн гадаргуу дээрх цэг мэт харагдана.
Хүсэл мөрөөдөл нь биелэхийн дээдээр биелжээ! Хамгийн дээд хурдтай нисчээ! Цахлай цагт хоёр зуун арван дөрвөн бээрийн хурдтай ниссэн түүх байгаагүй ажээ! Энэ бол бүх бодол, төсөөллийн эргэлт, цахлайн сүргийн түүхэн дэх хэзээ ч мартагдашгүй, давтагдашгүй мөч, Жонатаны хувьд бол амьдралынх нь шинэ эрин үеийн эхлэл байлаа.
Жонатан ганцаараа бэлтгэлээ хийсээр, далавчаа биендээ наан найман мянган тохой хэртээ өндрөөс доошоо ниссээр. Удалгүй доошоо нисч байснаа хурдаа сааруулалгүй дуртай зүг рүүгээ эргэх эрдмийг сурчээ. Асар хурдтай нисч байгаа үед, хоёр далавчныхаа үзүүрийн нэг ширхэг өдийг хүртэл хоёрхон хуруу хэртээ хөдөлгөхөд бие нь нисч яваа бууны сум лугаа адил эргэлдэж сүйд болно гэдгийг ухаарчээ.
Жонатан, дэлхий дээр хүссэнээрээ нисч чаддаг анхны цахлай боллоо. Тэр тэмдэглэлт өдөр Жонатан бусад цахлайнуудтай дэмий юм ярьж цаг алдсангүй. Харин нар жаргатал, нар жаргасны дараа ч гэсэн ниссээр, дүүлсээр л байлаа. Тийнхүү нисч байхдаа эгц доошоо, эргэлдэж, дээшээ харж, жингүйдэж ч нисчээ.
Шөнө дунд болсон хойно Жонатан, эрэг дээр бөөцийн сууж байсан сүрэг цахлай дээр нисч очив. Толгой нь эргэн ядарч сульдсан гэж жигтэйхэн. Гэвч хуурай газар буухаасаа өмнө сурснаа дахин нэг давтаж, хэд хэдэн янзаар нисч үзэв. Баяр баясгалан нь цээжинд нь багтан ядна. Дээд хурдтай ниссэнээ бодсон нь: “Эд нар дуулвал баярласнаасаа болж бараг галзуурах болов уу. Одоо бидний амьдрал юутай гүн гүнзгий утга учиртай болов оо! Эрэг, усан онгоцуудын хооронд арай чүү гэж нисч байхын оронд нь ер нь юуны тулд амьдарч байгаа юм бэ гэдгээ ойлгоно гэдэг чинь л дээд жаргал биш үү! Одоо бид цугаараа харанхуй мунхагаас салж, дээд зэргийн чадвар, төгс төгөлдөр чанарт хүрч чадахаар боллоо. Бид жинхэнэ эрх чөлөөг оллоо! Бид одоо л жинхэнэ нисч сурна!”. Ирээдүй нь гүн гүнзгий утга учир бүхий үйл хэргээр дүүрэн мэт санагдах ажээ. Тэрбээр ирээдүйгээ, маргаашаа тэсгэлгүй хүлээж байв.
Газар буумагцаа, цахлайнууд цугаараа нэг газар бөөгнөрсөн байхыг харж цахлайнуудын хурал болж байгааг таажээ. Тэд нар цуглараад нэлээн удаж байгаа бололтой. Нээрээн ч тэд, түүний эргэж ирэхийг хүлээн тийнхүү цугларцгаасан ажээ. “Жонатан Ливингстон! Энэ голд гарч ир!” Сүргийн ахмадын ингэж тушаах нь сүртэй сонсогдох ажээ. Тойрон цугларсан сүргийн дунд гарна гэдэг бол эсвэл дээд зэргийн шившиг, эсвэл дээд зэргийн нэр төрийн хэрэг.
Цахлайнууд аугаа их удирдагчдаа хүндэтгэж, гүн талархлаа илэрхийлж байгаагийн тэмдэг болгож өөрсдөө хүрээлэн тойрч гол дундаа гаргадаг уламжлалтай байсан юм. Жонатаны бодсон нь: “Өнөөдөр өглөөнийхөө хоолыг идэж байхдаа цахлайнууд лав миний нисэхийг харсан байх нь! Гэхдээ надад алдар нэр, шагнал чимэг аль аль нь хэрэггүй. Харин мэдэж сурснаа хуваалцаж, одоо энэ өдрөөс эхлэн бидний өмнө асар өргөн уужим ирээдүй нээгдэж буйг хэлж өгье.” Ингэж бодсоор урагшаа хэд алхав.
Ахмадын хэлсэн нь: “Жонатан Ливингстон оо, алив энэ голд зогс. Чи өөрийгөө бүх цахлай харсаар байхад бузар шившигт унагав.”
Жонатаныг лантуугаар толгойн дундуур нь буулгачих шиг болов. Хөл нь чичирч, өд сөд нь өрөвдөлтэйяа унжиж, чих нь шуугив. Шившгийн тойрог байсан юм гэж үү? Яалаа гэж дээ. Үгүй байлгүй. Гайхамшигт нислэг! Эд нар лав сайн ойлгоогүй байх. Эд нар андуурцгаажээ, андуурснаас зайлахгүй!
Тэр хооронд ахмад сүртэй дуугаар үргэлжлүүлэн хэлсэн нь: “... хөнгөн хийсвэр зан ааш, зальхай байдал гаргаж цахлайнуудын халуун ам бүлийн нэр төр, эцэг дээдсээсээ өвлөж ирсэн сайхан уламжлалыг доромжлон гутаасан учраас...”
Шившгийн тойрог гэдэг нь цахлайнуудын сүргээс хөөгдөж, алс холын хаднууд руу зайлахын нэр билээ.
- ... Жонатан Ливингстон чи үүрэг хариуцлага, нэр төрөө мартвал хоол олдохоо больдог юм гэдгийг ойлгох өдөр ирнэ. Амьдралын утга учрыг тайлахын арга байхгүй учраас бид түүнийг хэзээ ч ухаарч чадахгүй... Гэвч бид нэг л юмыг хатуу ойлгож явах хэрэгтэй. Бид нар, хүч тэнхээ байгаа цагт хоолоо олж идэн амьдарч явах үүрэгтэйгээр энэ ертөнцөд мэндэлсэн юм.
Цахлайнууд хэзээ ч цахлайнуудын зөвлөгөөний шийдвэрийг эсэргүүцэж үг дуугарч байгаагүй ажээ. Гэвч Жонатаны дуу хоолой аниргүйг эвдэн сонсогдлоо. Тэрбээр чангаар хэлсэн нь:
- Үүрэг хариуцлагаа мартсан гэнэ ээ? Ах дүү нар аа! Амьдралын хамгийн нандин утга учир чухам юунд оршиж байна вэ гэдгийг нээн олж, тэр утга учрыг нь хэзээ ч марталгүй явдаг над шиг цахлайнаас өөр ямар цахлай илүү хариуцлагатай байж чадах вэ? Мянга мянган жилийн турш бид нар гагцхүү загасны толгойн хойноос хөөцөлдөн амьдарчээ. Гэтэл одоо бид нар юуны тулд амьдарч байгаагийнхаа учрыг олцгоолоо шүү дээ. Бид цоо шинийг нээж, танин мэдэх, эрх чөлөөтэй байхын тулд л амьдрах ёстой! Та нар надад бололцоо өг л дөө, би та нарт юу сурч мэдсэнээ үзүүлье...
Сүрэг цахлай гайхашран бүлх залгисан мэт нэг хэсэг зуур дув дуугүй байснаа нэгэн зэрэг уянгалуулан хэлсэн нь:
- Энэ мөчөөс эхлэн бид чамайг дүүгээ гэж тооцохоо болилоо.
Тэгж хэлмэгцээ цахлайнууд нэгэн зэрэг цаашаа харав.
Жонатан амьдралынхаа бусад өдрийг гав ганцаараа өнгөрөөжээ. Гэвч алсын хаднуудаас олон бээрийн хол газар нисдэг байв. Жонатан, ганцаараа байгаадаа гутарч байсангүй. Харин цахлайнууд нисэхийн жаргалыг амсахыг хүссэнгүй, нүдээ нээхээсээ татгалзсан гэж бодон бодон гуньж гутарч байлаа. Одоо өдөр болгон нэг шинэ юм сурч мэдэж байв. Хоёр далавч, хөлөө биендээ нааж хушуугаа урагш нь сунган доошоо нисвэл салхины эсэргүүцэл эрс буурч асар хурдтайгаар далайн усны гүн рүү шумбан орж, арав гаруй тохой гүнд амьдардаг амттай загас барьж идэж чаддаг болжээ. Загас агнуурын усан онгоц бараадаж, хатсан талхны булан царайчилж явахаа больжээ. Нисч явахдаа унтаж, шөнө салхи эргээсээ үлээж байхад нисч буй чиглэлээ алдаж төөрөлгүй нисч сурчээ. Мөн нар жаргахаас авахуулан нар мандах хүртэл зуу зуун бээр хол газар нэг ч бууж амралгүй нисч чаддаг болсон байв. Бас далайн нягт манан дундуур төөрөлгүй дээшээ ниссээр нүд гялбам хурц гэрэлтэй, тунгалаг тэнгэрт гарч чаддаг болжээ.
Тэгтэл бусад цахлайнууд газар дээр бээрч бөөцийн суух бөгөөд энэ ертөнцөд манан будан, бороо хоёроос өөр юм байдаг гэдгийг таамаглах ч үгүй хэвтэж байдаг аж. Мөн догшин салхины хүчийг ашиглан хуурай газрын гүнд нэвтрэн орж, амттай шавьж хорхой барьж идэхийг сурчээ. Сүрэгтэйгээ хуваалцъя гэж бодож байсан тэр баяр баясгалангаа одоо ганцаараа л амсч эдэлж байв. Хамгийн гол нь нисэх шиг нисч сурсан бөгөөд энэ эрдэм нь ямар үнэ цэнээр олдсон бэ гэдгийг боддог ч үгүй, тэр үнийг нь тоож сүр болгоддоггүй байжээ.
Жонатан яагаад цахлайнуудын нас тийм богино байдгийг ухаарчээ. Уйдах, айх, өших энэ гурав насыг нь гурван талаас нь мэрж байдаг учраас богинохон ч байх нь аргагүй юм. Гэвч өөрөө уйдах, айх өших, муу санахыг мартсан учраас энэ ертөнцөд урт удаан, энх амгалан амьдарчээ.
Нэг үдэш, Жонатан өнөөх хайрлан хүндэтгэдэг тэнгэр огторгуйдаа ганцаараа нисэн дүүлж байтал тэд нар нисч иржээ. Тэд нар гэж гэнэт хаанаас ч юм бэ хоёр талд нь хоёр далавчных нь дэргэд буй болсон, од лугаа адил гялалзсан шөнийн харанхуйг үргээж, тал тал тийшээ зөөлөн гэрэл цацсан хоёр цагаан цахлай юм. Гэвч тэд нарын тухай хамгийн их гайхах зүйл нь юу вэ гэвэл тэдний нисэх чадвар билээ. Тэд нар өөрсдийнхөө болон түүний далавчнуудын хооронд яг хоёр хуруу хэртээ зай барин нисч байлаа. Ганц ч үг дуугаралгүй Жонатан тэднийг сорихоор шийджээ. Урьд өмнө энэ сорилтыг давж байсан цахлай байхгүй. Хоёр далавчныхаа байрлалыг эрс өөрчлөхөд хурд нь тэр дороо мэдэгдэхүйц саарав. Одоо хэрэв энэ нисч байгаагаасаа цагт нэг л бээрийн удаан нисвэл шууд доошоо унах нь тодорхой байлаа. Биеэс нь гэрэл цацарсан нөгөө хоёр шувуу, зайгаа барьсан хэвээр хурдаа түүнтэй нэгэн зэрэг алгуурхан сааруулав.
Тэд нар бас удаан нисч чаддаг байжээ! Тэгэхлээр нь хоёр далавчаа хумьж хоёр тийшээ найгаснаа доошоо цагт нэг зуун ерэн бээрийн хурдтай нисэв. Тэр хоёр зайгаа алдалгүй түүнтэй хамт доошоо нислээ. Эцэст нь хурдаа сааруулалгүй шууд доошоо эргэлдэн нисэв. Тэр хоёр цахлай инээмсэглэснээ түүнтэй яг ижилхэн нисч зайгаа ч алдсангүй. Жонатан жирийн нисэв. Нэг хэсэг дуугүй нисч байснаа хэлсэн нь:
- Маш сайн байна. Ингэхэд та нар юун шувууд билээ?
- Жонатан минь ээ, бид нар чиний жинхэнэ сүргийн цахлайнууд. Бид хоёр чиний ах нар. Бид нар чамайг улам дээшээ нисч гэртээ харихыг ятгах гэж ирлээ хэмээн тэд нар итгэлтэй бөгөөд тайван хэлэх аж.
- Би өөрийн гэр оронгүй, сүрэг ч үгүй. Би сүргээсээ хөөгдсөн цахлай. Одоо бид нар Их салхины оргилыг чиглэн нисч байна. Бид хоёр далавчаа дэвээд дэвээд энэ муу турьхан биеэ дахин ердөө хэдхэн зуун тохой хэртээ өндөрт гаргаж чадна. Харин түүнээс дээш бол чадахгүй.
- Жонатан аа, чи чадна. Чи үргэлж сурч мэдэхийг хүсч байдаг болохоор заавал чадна. Чи энд сурах сургуулиа дүүргэсэн. Одоо өөр сургуулийг дүүргэх хэрэгтэй.
Энэ үгс Жонатаны бүхий л амьдралын турш зорилго нь болж даллан дуудаж байсан учраас утга учрыг нь дорхноо ойлгон ухаарав. Эд нарын түмэн зөв. Улам өндөрт хөөрч чадна гэдэг нь үнэн. Жинхэнэ гэртээ харих цаг болсон нь ч үнэн. Ингээд ихийг сурч мэдсэн гайхамшигт мөнгөн орон болох тэнгэр рүүгээ сүүлчийн удаа хараад хэлсэн нь:
- За явцгаая даа!
Жонатан Ливингстон, од лугаа адил гялалзах хоёр цахлайтай цуг улам өндөрт хөөрч, огторгуйн харанхуйд шингэж үзэгдэхээ болив.
Дэд хэсэг
“Тэгээд тэнгэр гэдэг чинь энэ болох нь ээ” гэж Жонатан өөрийн эрхгүй инээмсэглэн бодов. Тэнгэрт дөнгөж очмогцоо тэнгэрийн тухай эргэцүүлж бодно гэдэг буруу байж магадгүй. Газар дэлхийгээ орхиж, гэрэл цацраасан хоёр цахлайтай хамт үүлний дээрх ертөнцөд очмогц аажмаар биеэс нь мөн адил гэрэл цацрах болсныг ажиж мэдэв. Мэдээжийн хэрэг энэ бие нь шаргалтан гялалзаж буй нүднийх нь хүүхэн харааны цаана үргэлж байдаг нөгөө залуухан Жонатаны бие яах аргагүй мөн байсан бөгөөд харин одоо гагцхүү гаднах хэлбэр нь өөрчлөгдсөн ажээ. Хэдийгээр бие нь цахлай шувууны биеийн хэлбэрээ хадгалж үлдсэн боловч Жонатан урьд өмнө хэзээ ч ингэж амархан нисч байгаагүй ажээ. Бодсон нь: “Юутай хачин юм бэ! Би хоёр дахин бага хүч зарж байгаа хэрнээ хоёр дахин хурдан нисч байх юм. Би газар дэлхий дээр хамгийн сайн бэлтгэлтэй байхдаа хийж чаддаг байснаасаа одоо энд хоёр дахин илүү юм хийж чадаж байна шүү дээ!”
Цав цагаан өд нь гэрэлтэж, тал тал тийшээ оч бутаргах ажээ. Давтаж өнгөлсөн мөнгө лүгээ адил хоёр далавч нь төгс төгөлдөр хэлбэрийг олжээ. Хоёр далавчаа туйлын баяртайгаар судлан туршиж үзэхээр шийдэв. Хурд нь цагт хоёр зуун тавин бээр болоход удахгүй хөндлөн нисэхийн туйлын хурдад хүрэх нь тодорхой болов. Нээрэн хурд нь цагт хоёр зуун далан гурав болоход үүнээс илүү хурдтайгаар нисч чадахгүйгээ ойлгож сэтгэл нь нэлээд гонсойв.
Түүний шинэ олсон биенийх нь бололцоо бас л хязгаарлагдмал байжээ. Хэдийгээр өмнөх дээд амжилтаа мэдэгдэхүйц эвдсэн боловч хурдын хязгаар байсан бөгөөд түүнийг давахын тулд асар их хүч чадал шаардагдах ажээ. Түүний бодсон нь: “Уг нь тэнгэр огторгуйд ямар ч хязгаар байх ёсгүй дээ.” Үүлс замхарч түүнийг дагаж явсан хоёр цахлай зэрэг хашгирсан нь:
- Сайн явж, зорьсон газраа хүрээрэй Жонатана аа! Ингэж хэлснээ тэр хоёр цахлай тунгалаг агаарт шингээд үзэгдэхээ болилоо. Нэг харвал Жонатан алсад үзэгдэх уулархаг газрыг чиглэн далай дээгүүр нисч явав.
Алс хол тэртээ хойд зүгт тэнгэрийн хаяаны дэргэд хэдэн цахлай байлаа. Шинэ уудам дэлгэр нутаг, шинэ соргог бодол санаа, шинэ хүсэл зориг хүлээж буй гэсэн үг. “Энд яагаад ийм цөөхөн цахлай байдаг билээ? Уг нь тэнгэрт сүрэг сүрэг цахлай баймаар юм. Яагаад би ингэж гэнэт ядрав а? Уг нь тэнгэрт цахлайнууд хэзээ ч ядардаггүй бөгөөд хэзээ ч унтдаггүй биш бил үү?” Ингэж хэнээс хэзээ хаана дууллаа байз? Түний газар дэлхий дээрх амьдралын үйл явдлууд улам улам алслагдан холдсоор, бүдгэрсээр...
Газар дэлхий дээр их юм сурч мэдсэн нь яах аргагүй үнэн. Гэхдээ нарийн ширийн юмнууд бүдэг бадаг л санагдана. Цахлайнууд хоолоо хуваалцаж чадахгүй булаацалдаж байсан, өөрийг нь сүргээсээ хөөсөн гэж л бүдэг бадаг санагдах ажээ. Эрэгт ойртон очвол, арав гаруй цахлай урдаас нь угтан нисч ирсэн боловч ганц ч үг дуугарсангүй. Харин тэд нар цугаараа өөрийг нь харж байгаадаа туйлын их баяртай байна, энд үнэхээр миний жинхэнэ гэр орон нь байдаг аж гэдгийг л гүнээ ойлгожээ. Энэ өдөр маш урт өдөр мэт санагдаж, тэр битгий хэл хэзээ нар мандсаныг хүртэл мартжээ. Газар буухынхаа өмнө эргэж хоёр далавчаа сайн дэлгэж агаарт хоёр хуруу хэртээ өндөрт хоромхон зуур тогтсоноо элсэн дээр зөөлөн буув. Бусад цахлайнууд түүнийг даган цугаараа газар бууцгаасан боловч тэд нар бүгдээрээ завхан өдөөүл мэдэг хөдөлгөж зөөлөн газарджээ. Тэд нар цас лугаа адил цав цагаан далавчуудаа дэлгэж салхины аясаар найгаж, өд сөдөө нэг сөрвийлгөж нэг буулгаж байснаа яг хоёр хөл нь газар хүрэх тэр мөчид хурдаа бүрмөсөн сааруулж газарт буулаа. Энэ бол үнэхээр гайхамшигтэй сайхан урлаг байсан боловч Жонатан учиргүй их ядарсан тул

Сэтгэгдэл (2)