Энэ
бол дэлхийн дунджаас долоо дахин их хүн хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүйгээс амь нас, эрүүл мэндээрээ хохирч
байна гэсэн үг. Жил бүр мянган иргэн ажлын байрандаа амиа алдаж, мянган
гэр бүл эмтэрч үлдэнэ гэдэг аюулын харанга биш гэж үү.
ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАВ
МОНГОЛ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ХАМГААЛЪЯ ЦУВРАЛ
МОНГОЛ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ХАМГААЛЪЯ ЦУВРАЛ
Олон улсын Хөдөлмөрийн байгууллага зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдаагүйгээс болж манай дэлхийд жилд 2.3 сая хүн амиа алдаж, 317 сая хүн гэмтэл бэртэл авдаг хэмээн мэдээлжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хайнга байдал нь ДНБ-ний дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирлыг улс оронд авчирдаг байна. Харин энэ үзүүлэлт манай улсын хувьд хэр байж, ямар хохирол амссан талаар тоймтой, үнэн бодитой тайлан мэдээлэл олоход үхрийн эвэр дээр цас тогтоох шиг хэцүү юм. Учир нь мэргэжлийн хяналт, цагдаа, үйлвэрчний байгууллагуудаас гаргасан мэдээлэл хэт зөрүүтэй байгаа юм. Тиймээс ганцхан салбараар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хэр байгааг дүгнэе.
Барилгын салбар хөдөлмөрийн аюулгүй байдлын хувьд дээрээ ч доороо ч хөлөө олохгүй байна
Нийслэлийн МХЕГ-ын мэдээлснээр 2012 онд баригдаж буй барилгатай холбоотой Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчигдсөн 37 хэрэг бүртгэжээ. Үүнээс 26 буюу 70.2 хувь нь хүний амь нас хохирсон байна гэжээ. Гэтэл 2012 оны зөвхөн есдүгээр сард хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй зөрчигдсөний улмаас
• 9 сарын 19-нд ХУД-ийн 18-р сургуулийн хажуугийн барилгын найман давхраас хоёр ажилтан унаж хүнд бэртсэн.
• 9 сарын 18-нд Төрийн ордны хамгаалалтын хашааны хажуугаар явж байсан охины толгой дээрээс тоосго унаж гэмтээсэн.
• 9 сарын 17-нд ШУТИС-ийн оюутан 20 настай У “Тэнгис” кино театрын хажууд баригдаж буй барилгын төмөрт цохиулж амиа алдсан.
• 9 сарын 11-нд ХУД-ийн 15-р хороонд баригдаж буй “Натур хаус” компанийн орон сууцны барилгаас туслах ажилтан 42 настай Э хананд бэхэлгээ хийж байгаад найман давхраас унаж амиа алдсан.
• 9 сарын 11-нд ХУД-ийн 15-р хороонд баригдаж буй “Страйк” компанийн барилгад туслах ажилтнаар ажиллаж байсан 15 настай Д барилгын шат нурснаас есөн давхраас унаж хүнд гэмтсэн.
• 9 сарын 8-нд “Хурд” группийн захиалгаар баригдсан “Рапид харш” орон сууцны барилгын кран хугарч 26 настай жолооч залуу амиа алдсан.
• 9 сарын 3-нд БГД-ийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгад бетон зуурмаг шахаж байсан кран 12 настай охин Е-ийн дээрээс нурж амь насыг нь хохироосон. Кранд даруулсан машины жолооч хүнд бэртсэн.
• 9 сарын 3-нд БЗД-ийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Сүнжин гранд” зочид буудлын хашаан дотор үерийн ус зайлуулах нүхэнд 57 настай Г унаж нас барсан.
• 9 сарын 3-нд СХД-ийн 22 дугаар хороо, “Бридж констракшн” ХХК-ийн барьж байсан барилгын дөрвөн давхраас БНАСАУ-ын иргэн унаж нас барсан гээд арван хэрэг гарсан байгаа юм.
Дээрх тоон баримтуудыг харьцуулахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хангагдаагүйн улмаас гарсан ослуудыг нуун дарагдуулах явдал олон байна хэмээн дүгнэж болох юм.
Мөн МХБ-ын 2012 оны судалгаанд нийт барилгын 86 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байна. Тодруулж хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын төсөвт өртгөөс нэг хувийг хөдөлмөр аюулгүй байдлыг хангахад зориулна гэж заасан байдаг. Гэтэл төсөвт өртөг тусгагдаагүй байжээ. Эндээс барилга бүрийн ард албан тушаалын болон авлигын хэрэг нуугдаж бай¬гаа нь харагдаж байна.
Өнгөрсөн онд Их хурлын даргын захирамжаар Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсгийн мэдээлснээр 596 барилгад шалгалт хийхэд 70 гаруй хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хангаагүй байсан аж.
Барилгын салбарын хариуцлагагүй байдлын улмаас энгийн иргэд амь насаараа хохирдог уламжлал 2013 онд ч мөн олон давтагдсан. Ямар сайндаа л иргэд “алдсан хүн арван тамтай, авсан хүн ганц тамтай” хэмээн хулгайч хийгээд хохирогчийг дүрсэлдэг шиг нийслэл хотдоо ном уншуулъя, баялагийн хараал нь барилгын салбарт хүрсэн юм биш биз хэмээн халаглан ярих болсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд барилгын салбар ийнхүү дээр доороо хөлөө олохгүй бужигналдаж байна.
Хууль нь өөрөө, хэрэгжилт нь ч бас гууль
Зөвхөн барилгын салбараар дүгнэхэд л 2012 онд баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт хэр байгаа нь харагдсан биз. Хуулийн хэрэгжилт муу байгаагаас гадна энэхүү хуульд засч залруулах олон асуудал байна. Эдгээр асуудлууд хэрэгжилт муу байхад ихээхэн нөлөөлж байгаа юм.
Дээрх хуульд хэн удирдагч байх, хэн мэдээ тайланг нь нэгтгэх, хяналтын байцаагчдын тоо зэрэг тогтсон зүйлүүдийг тодорхой тусгаж өгөөгүй. Үүний улмаас зуун ямаанд жаран ухнын үлгэр болжээ. Нийслэлийн 43 мянган аж ахуйн нэгж байдаг, харин улсын хэмжээнд ердөө хөдөлмөрийн хяналтын 45 байцаагч ажилладаг гээд боддоо. Хяналт хийх хүн нь хүртэлцэхгүй байхад хэрэгжилт, хариуцлага сул байхаас яах билээ. Эндээс бодлогын хэрэгжилт, хяналтын тогтолцоо хоёрын уялдаа холбоо маш муу байгааг харж болно.
Өөр нэгэн зүйл нь энэ хуулийн наймдугаар бүлэг буюу хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг арай л бага хэмжээгээр баталжээ.
• 36.1.Ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан бол 350 000-500 000 төгрөгөөр
• 36.2.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого хоѐр ба түүнээс дээш удаа гарсан тохиолдолд албан тушаалтныг 1 000 000-2 000 000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 1 500 000-3 000 000 төгрөгөөр
• 36.3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг нуун дарагдуулсан албан тушаалтныг 100 000-200 000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 200 000-250 000 төгрөгөөр
• 36.4.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагыг 200 000-250 000 төгрөгөөр
• 36.5.Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж байгуулах, машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, ашиглалтад өгөх, даралтат сав, шугам хоолойд тавигдах шаардлагын талаар мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж, хөдөлмөрийн эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөл аваагүй албан тушаалтныг 300 000-600 000, аж ахуйн нэгж, байгууллагыг 600 000-750 000 төгрөгөөр
• 36.6.Хөгжлийн бэрхшээлтэй болсон, хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг буруу тогтоосон холбогдох албан тушаалтан болон эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын гишүүнийг 25 000-50 000 төгрөгөөр торгоно гэжээ. Хүний амь нас, эрүүл мэнд хохирч байхад 25 мянгаас гурван сая төгрөгөөр торгоод өнгөрнө гэдэг байж боломгүй шийтгэл шиг санагдана.
Мөн хуульд мэргэжлээс шалгаалсан өвчний тухай нэмэлт бүлэг оруулах хэрэгтэй байгаа юм. 2005-2011 онд мэргэжлээс шалтгаалсан өвчний 1321 тохиолдол шинээр бүртгэгджээ гэхээс өөр мэдээлэл алга. Тиймээс үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнийг бүртгэх журмыг боловсронгуй болгох хэрэгтэй. Бүр өвчний судалгаа, үнэлгээг салбар тус бүрээр хийж, мэргэжлээс шалтгаалах өвчний жагсаалтыг шинэчлэн боловсруулах шаардлагатай байна.
Хууль нь ч, хэрэгжилт нь ч муу байгааг ард иргэд баримттай, баритмгүй тодоос тод харж байна. Жилд 1000-1500 хүн үйлдвэрлэлийн ослоор амиа алдаж байна хэмээн Д.Батзандан тэргүүтэй ажлын хэсэг мэдээлсэн. Энэ бол дэлхийн дунджаас долоо дахин их хүн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүйгээс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна гэсэн үг. Жил бүр мянган иргэн ажлын байрандаа амиа алдаж, мянган гэр бүл эмтэрч үлдэнэ гэдэг аюулын харанга биш гэж үү.
Д.Идэржаргал
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (2)