Туурга тусгаар эрх чөлөөтэй бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улсын гурван сая дахь иргэнээ тосч авлаа. Гурван мянганы эхэнд, морин жилийн барианд Монгол Улсын иргэд гурван сая болон өслөө. Юутай баяр бахархал вэ. Монголчууд бид ерөөлөөр улам олуулаа болж байна. Манай улсын хүн ам цаашид гурван сая гэсэн билэгдэл тоон дээр үргэлж өсч, үргэлж нэмэгдэн тооглогдох болно. Хүний сайн, нутгийн сайхан цогцолсон Монгол Улсын иргэн болж түмэн олныхоо магнайг тэнийлгэж төрсөн хүүхэд бүртээ төр түмнээ төлөөлөн чин сэтгэлийн сүүн мялаалга өргөе. Элбэрэл ачлал дээр нь ээж ааваа, өтгөс буурлуудаа өрх гэрийнхэнийгээ баярлуулан ирсэн бяцхан үрсдээ баяр баярын дээдийг ерөөж, хамгийн сайн сайхныг хүсье. Их Монгол орныхоо нэрийг дуургасан сайн хүн болж өсч торнихын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Их цагаан сүлдэндээ залбиран даатгая. Монгол түмний гол голомт үргэлж бадарч яваг ээ. Эх үрсийн бие сайн, түшиг ихт түмний минь буян заяа тэгш байг ээ. Монголын хүүхдүүд улам олууллаа болог ээ. Гучин буман Монголчууд минь эд бөх, хийморь өөдөө, эрх тэгш, бүтээл арвин жаргаж яваг. Түүх ихт төрийн минь сүлд тэнгэрийн тамгат Монгол үрсээ үүрд мөнх ивээх болтугай.
Сэтгэгдэл (1)