Д.Дорлигжав сайдын тушаалаар албан тушаалын цол олгох журмыг өөрчилсөн байгаа. Энэ талаар ЦЕГ-ын хүний нөөцийн сургалтын хэлтсийн дарга Б.Бат-Өлзийгөөс дараах тодруулгыг авлаа.
-Цагдаагийн албан тушаалын цол олгох журам хэрэгжээд удсангүй. Чухам ямар учраас өөрчлөгдөх болов?
-Монгол Улсын цагдаагийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг үндэслэн Хууль зүйн сайдаас “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ыг өнгөрсөн гуравдугаар сард баталж гаргасан. Уг тушаалаар албан тушаалын цолд шилжсэнээр нэг алгасуулан олгосон цагдаагийн цолыг журамд заасан хугацаанд нийцүүлэх, албан тушаалын цолд шилжсэнээр урьд хэрэглэж байсан буюу Цагдаагийн байгууллагын тухай хуулиар олгосон цагдаагийн цол нь буурсан алба хаагчдын цолыг сэргээн олгохоор тус тус шийдвэрлэж, тушаалыг хэрэгжүүлж, мөрдөн ажиллахыг ЦЕГ-ын даргад даалгасан.
-Албан тушаалын цол хэрэглэж байсан хэчнээн алба хаагчийн цолыг хурааж байгаа вэ?
-Хууль зүйн сайдын дээрх шийдвэрийн дагуу нэг алгасуулан олгосон албан тушаалын цол хэрэглэж байсан нийт 1035 алба хаагчийн цолыг хурааж, шинэчлэн баталсан журамд нийцүүлэн цол олгосон.
Журамд нийцүүлж албан тушаалын цол бууруулсан 1035 алба хаагчийн 11 нь цагдаагийн хурандаа, 41 нь цагдаагийн дэд хурандаа, 139 нь цагдаагийн хошууч, 844 нь цагдаагийн ахмад цолтой байсан.
-Албан тушаалын цолд шилжсэнээр цагдаагийн цол нь буурсан хүмүүсийн хувьд?
-Цол нь буурсан 402 албан хаагчийн цолыг сэргээн олгосон. Урьд хэрэглэж байсан цагдаагийн хурандаа цолыг сэргээсэн 19, цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээсэн 113, цагдаагийн хошууч цолыг сэргээсэн 187, цагдаагийн ахмад цолыг сэргээсэн 65, цагдаагийн ахлах дэслэгч цолыг сэргээсэн 18, нийт 402 алба хаагч байна.
-Шинэчилсэн буюу өөрчилсөн журамд цолны талаар өөр зүйл тусгасан уу?
-Журамд цагдаагийн алба хаагчид албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн цол олгох, цол олгохыг хойшлуулах, цагдаагийн цолыг бууруулах, түр хураах, хураах зохицуулалтыг зааж, цол хэрэглэх буюу цол хоорондын хугацааг тодорхой болгож өгсөн.
Цагдаагийн байгууллын боловсон хүчин бэлтгэх сургуулийн болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цагдаагийн цол хэрэглэх албан тушаалтнуудад цагдаагийн цол олгохдоо энэхүү журамд заасан хугацаа, шалгуурыг мөн адил баримтлахаар болсон.
-Энэ хөдөлгөөний улмаас эдийн засгийн ямар нэгэн асуудал гарах уу?
-Журам гарч, цолд өөрчлөлт гарсантай холбоотойгоор санхүүгийн хувьд асуудал гарахгүй. Цагдаагийн албаны тухай хууль батлагдснаас хойш 2014 онд Засгийн газрын 99 дүгээр тогтоолоор цагдаагийн цол, алба хаасан хугацааны нэмэгдлүүдийг бүгдийг нь баталгаажуулаад өгсөн байгаа. Өнөөдөр Засгийн газрын энэ тогтоолд өөрчлөлт ороогүй тохиолдолд санхүүгийн янз бүрийн өөрчлөлт гарахгүй.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (24)