Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дээврийн хонгилын ганц өрөө

2020-2-23
0
ЖИРГЭХ

Хатагтай Паркер эхлээд ажлын өрөөтэй, гийчний хүлээлгийн танхимтай байраа танд үзүүлнэ. Түүний яриаг тасалж зүрхлэлгүй, энэ байрны саруул сайхан хийгээд энэ дөрвөлжид чилийсэн найман жилийн турш аж төрсөн нэгэн эрхмийн сайн сайхны тухай нүдэнд харагдтал ярихыг нь та өчнөөн удаан сонсоно. Сүүлдээ та тэсэлгүй бөх зүрх гаргаж, би эмч ч биш, бүр шүдний эмч ч биш гэдгээ хатагтай Паркерт сая нэг ээрч түгдчин хэлнэ. Тэр таны хэлснийг, Паркер ахайтны ажлын өрөө, хүлээлгийн танхим яг таарах тийм мэргэжлийн зах зухтай болгохсон хэмээн санаа тавиагүй эцэг эхдээ гомдох гашуун харуусал сэтгэлд чинь өөрийн эрхгүй төрлөө гэсэн шиг ихэмсэг хүлээж авна. Дараа нь та хоёр хоёрдугаар давхрын, хашаа руу харсан цонхтой, найман долларын байрыг үзэхээр дээшээ хэдэн шат өгсөнө. Ноён Тузенберри Палм-Бичийн ойролцоо хаа ч байдаг юм бэ дээ, дүүгийнхээ амтат жүржийн тариалангийн ажлыг удирдахаар Флорида руу яван явтлаа төлж байсан шиг, үнэндээ энэ өрөө арванхоёр долларын үнэтэй юм шүү гэдгийг хоёрдугаар давхарт тантай ярилцаж буй хатагтай Паркерын дууны өнгө бэлхнээ хэлээд өгөх вий. Тэгээд ч өвөл бүрийг тэнд өнгөрөөдөг хатагтай Мак-Интайр тусдаа угаалгын өрөөтэй, гудамж руу харсан цонхтой нөгөө өрөөнд нь амьдарч байгаа бөгөөд та эцэс сүүлдээ бүр зориг орж, үүнээс арай хямд юм хүсч буйгаа бувтнаж орхих вий.


Хэрэв та хатагтай Паркерын бүхий л бие сэтгэлээрээ илэрхийлж буй жигшил зэвүүцлийг тэсвэрлэж чадваас, ноён Скиддерийн том өрөөг үзүүлэхээр гуравдугаар давхар руу таныг дагуулж одно. Ноён Скиддерийн өрөөг хөлслүүлэхгүй л дээ. Тэр тэнд өдөржин жүжиг бичиж, цаасан иштэй тамхиа манартал баагиулж суудаг юм чинь. Гэхдээ ламбрекенээрээ гайхуулж бишрүүлэхийн тулд өрөө хөлслөхөөр завдаж буй шинэ хүн бүрийг хатагтай ёс шиг тийш нь дагуулж ирдэг юм. Тийнхүү орж гарах тоолонд намайг хөөж орхих вий хэмээн айдаст автсан эрхэм Скиддер өрөөнийхөө хөлсний өр ширээс нэг хэсгийг нь ч болтугай заавал төлдөг авай.
Дараа нь яахав. Дараа нь яавал гэж дээ! Халаасандаа, хунирч норсон гурван доллараа тас атгаад, жигшил зэвүүцлийн бай болсон, дур гутам ядуу зүдүүгийнхээ тухай сөөнгө паргиа дуугаар зарлан мэдэгдэж, хөл дээрээ зогсох тэнхэлтэй байх аваас хатагтай Паркер таныг дахиад давхар болгоноор чирч явахгүй. "Клара!" гэж ганц чанга дуудаад, тань руу нуруугаараа эргэн, тэгэхээс тэгэх гэсэн шиг доошоо бууж одно. Тийнхүү хар арьст зарц хүүхэн Клара шалны банз зүйж дэвссэн нарийхан, эгцхэн шатаар таныг дагуулан дөрөвдүгээр давхарт гарч, дээврийн хонгилын ганц өрөөг үзүүлнэ. Тэр өрөө долоо, найман футын хэмжээтэй, яг байшингийн дундахь орон зайг эзэлнэ. Түүний хоёр талд банзан харанхуй пин, агуулах бий.
Өрөөнд нарийхан төмөр ор, угаалтуур, ганц сандал тавиатай. Тавиур нь ширээ, шүүгээг орлоно. Ингээд дөрвөн нүцгэн хана таны дээрээс авсны адар шиг хүнхийгээд харанхуйлаад явчихна даа. Гэнэтхэн дотор чинь давчдаад явчих шиг болоход, гар тань өөрийн эрхгүй багалзуур өөдөө сарвалзаж, харц чинь дээшээ тэмүүлэхүйеэ, худгийн ёроолоос өлийж буй аятай та сэтгэлээ онгойтол санаа алдах агаад адрын бяцхан цонхоор хязгаар хярхаггүй тэнгэрийн тэг дөрвөлжин хэлтэрхий цэнхэртэн үзэгдэнэ.
-Хоёр доллар, ноёнтоон гэж дорд үзсэн ч юм шиг, дотночилсон ч юм шиг Клара хэлдэг юм.
Тэнд нэг удаа хатагтай Лисон өрөө хайсаар ирж билээ. Тэр өөрөөс нь арай биерхүү бүсгүй өргөж явахад зориулж үйлдвэрлэсэн бичгийн машин чирч явсан юм. Бие нь хэдийн өсөхөө больчихсон баймаар атал нүд, үс нь ургаад томроод байгаа аятай, нөгөөдүүл нь "Хүүе, чи яагаад биднээс хоцроод байна?" гэж хэлэхийгхүсч буй мэт тийм л нүд, үстэй, шавилхан бүсгүй билээ, хатагтай Лисон.
Хатагтай Паркер түүнд гийчдийн хүлээлгийн танхимтай, ажлын өрөөгөө үзүүлэв.
-Энэ ханын шүүгээнд араг яс ч юм уу, эсвэл эм тан, бас нүүрс ч хийсэн болно... гэж тэр хэлэв.
-Би эмч ч биш, шүдний эмч ч биш гэж Лисон хатагтай мөрөө хавчин хариулав.
Эмч ч биш, шүдний эмч ч биш хүмүүст зориулахнаа хэзээд бэлэн байдаг доог тохуу, хөөрхийлөл, сэжиглэл, басамжлал дүүрэн хүйтэн харцаараа түүн рүү хяламхийгээд, хатагтай Паркер бүсгүйг хоёрдугаар давхарт дагуулж гарав.
-Найман доллар аа? гэж Лисон дуу алдаад: -Та чинь юу яриад байнаа! Би саятан биш. Би ердөө л албан газрын бичээч. Давхар нь дээшээ, үнэ нь доошоо юу ч юм бэ үзүүлээч дээ гэлээ.
Хаалгыг нь тогшихыг дуулангуутаа, ноён Скиддер огло харайн босохдоо хамаг тамхиныхаа ишийг шалаар нэг цацчихав.
Түүний уур, дургүйцлийг харсан хатагтай Паркер шулмын хуурмаг зэвүүн инээд царайдаа тодруулснаа:
-Өршөөгөөрэй, ноён Скиддер, би таныг гэртээ байгаа гэж мэдсэнгүй. Би ламбрекенээ үзүүлэх гэж энэ хатагтайг урьсан юм гэлээ.
-Эд нар чинь үнэхээр сайхан юм гэснээ хатагтай Лисон сахиусан тэнгэрүүд л ингэж инээдэг болов уу гэмээр гэнэн цайлган мишилзэв.
Тэднийг гарч амжаагүй байхад ноён Скиддер өөрийнхөө сүүлчийн, хэвлэгдээгүй жүжгийн баатар өндөр, хар үст бүсгүйн дүрийг санд мэнд баллуурдаж орхиод, яах ийхийн завдгүй түүнийхээ оронд давжаа бяцхан, төрхгүй, гялалзсан ширүүн үстэй, эгэл хөгжөөнт царайтай нэгний тухай яаран бичиж эхэлжээ.
-Анна Хелд энэ дүрийн араас хөөцөлдөөд сүйд болно доо гэснээ ноён Скиддер хөлөө мөнөөхөн ламбрекен рүү жийж, тамхины цэнхэр утаан дунд агаарын дүүжин мэт үзэгдэхгүй болов.
Тун ч удалгүй "Клара" гэсэн хонхон дуун мэт сүрт дуудлага Лисон хатагтайн хэтэвчний хэмжээг хорвоогоор нэг зарлан мэдэгдвэй. Тас хар сүг эл дууг шүүрэн авч, тамын шатаар сэвхийтэл өгссөн бөгөөд адрын дор хаа нэгтээ сүүмэн гэгээ тодруулан буй араг ясны ам руу түүнийгээ үг дуугүй чихэж орхиод, "Хоёр доллар!" хэмээсэн догшин, нууцлаг үгийг дав даруй шивнэв.
Хяхтнасан төмөр орон дээр суухаар бөхийсөн Лисон хатагтай "Би зөвшөөрч байна" хэмээн сүүрс алджээ.
Хатагтай Лисон өдөр бүр ажилдаа явна. Орой нь тэр боодол гар бичмэл авчирч, бичгийн машинаар хуулж бичнэ. Зарим үдэш тэр ажилгүй байваас эл байшинд аж төрдөг бусад улстай шатан дээр саатан суудаг билээ. Уг нь байгаль ертөнцийн хүсэл зоригоор хатагтай Лисон дээврийн хонгилд зориулагдаагүй нэгэн. Тэр, хөгжөөнтэй сэргэлэн, хөөрхөн бүсгүй. Толгойд нь элдвийн гайхмаар мөрөөдөл үргэлж эргэлдэж байдаг авай. Нэг удаа бүр "Тэр хүүхэд биш буюу газар доорхи ертөнцийн өв залгамжлагч" нэртэй өөрийнхөө агуу (хэвлэгдээгүй) инээдмийн жүжгээс гурван бүлгийг өөрт нь уншиж өгөхийг Скиддерт зөвшөөрч билээ.
Хатагтай Лисон чөлөө зав гаргаж, шатан дээр нэг хоёр цаг суухаар гарч ирэхэд байшингийн эрчүүлийн хөл хөнгөрөн, хөөрчихнө. Гэтэл хотын дунд сургуулийн багш, нуруулаг, алтан шаргал үстэй хатагтай Лонгнекер түүний ярьсан бүхэнд "За арай ч үгүй байлгүй дээ" хэмээн үл итгэх агаад шатны дээд гишгүүрүүд дээр суугаад, юм л бол зэвүүцсэн янзтай эвгүйхэн дуугарч суудаг юм. Харин их дэлгүүрт ажилтай, буудлагын газрын хөдөлдөг нугаснуудыг буудаж унагахаар бүтэн сайн өдөр бүхэн Кони-Айленд руу явдаг Дорн хатагтай болохоор доод гишгүүр дээр суугаад бас л зэвүүцэн тургилж суудаг авай. Лисон шатны дунд гишгүүр дээр сууна, эрчүүл ч түүнийг бүчээд авна. Ялангуяа бодит амьдралаас сэдэвлэсэн дэврүүн гэгэлгэн аястай, хувийнхаа жүжгийн (хэн ч түүнийг нь үзэж, хараагүй) гол дүрийг түүнд хэдийнээ оноочихсон Скиддер бүр байж ядан хавчилзана. Бас 45 настай, лагс зузаан, баян цатгалан, ухаан мунхаг эрхэм Гувер ч зүгээргүй янзтай шоохолзож сууна. Цэл залуухан Ивэнс ноёнтон хүртэл тамхиа хаяаач хэмээн Лисон авхай түүнээс гуйгаасай гэсэндээ бачимдан, зориуд хий бүгшүүлнэ. Эрчүүл "өхөөрдөм, дур булаам" хэмээн түүний өмнө хөл алдах атал дээд доод гишгүүр дээрх тургилаан нэг л тасрах янзгүй нь даанч харамсалтай.
Өршөөгөөрэй, эрхмүүд ээ. Найрал дуучид гишгүүр дээрээ гарч, ноён Гуверын бие цогцын тухай гашуудал харууслын нулимсаа асгаруулахыг саатан хүлээцгээе. Өөхөлж зузаарахын хар хорлолын тухай, бүдүүрч хүндрэхийн гай түйтгэрийн тухай, таргалахын эмгэнэл аймшгийн тухай бүрээчид минь цангинатал бүрээдээд орхиоч. Хэрэв бүдүүн Фальстафын гэгээн ариун бодлыг хайлуулж орхивол тэр нь туранхай Ромеод буйгаас хавьгүй арвин байх биз. Гэхдээ янаглан амраглагч эр хүнд санаа алдахыг зөвшөөрдөгөөс бус аахилж амьсгаадах нь байж болшгүй зүйл. Тарган улсын хувь тохиол бол Момусын бараа болооч нар дунд салбаганан бүжих бүлгээ. Энэ ертөнцийн хамгийн үнэнч зүрх тавин хоёр дюймын бэлхүүсний дээхнэ цохилж буй нь даанч харамсалтай. Далд орж үз Гувер! Гувер эрхэм дөчин тавтай, баян, мунхаг хойно сайхан Еленагийн зүрхийг булааж чадна гэж үү?. Гувер дөчин тавтай, баян, мунхаг, бас тарган, үргэлжийн нажид зовлонд нэрвэгдэх хувьтай. Гувер чи хэзээ ч, юунд ч найдах хэрэггүй.
Зуны нэгэн намуухан үдэш Паркер авхайнд толгой хоргодон амьдрагсад шатан дээр сууж ахуйд хатагтай Лисон тэнгэр өед харснаа, инээд цалгисан, хөгжилтэй дуугаар:
-Аа, тэр байна, Уилли Жексон! Тэр эндээс ч харагддаг юм байна хэмээн дуу алджээ.
Цөмөөрөө дээшээ өлийцгөөсөн бөгөөд зарим нь тэнгэр баганадсан байшингийн цонхнууд руу, зарим нь Жексон хэмээн нэрлэгдсэн ямар нэгэн агаарын хөлөг хайн тэнгэр өөд хараачлав.
-Энэ чинь тээр харагдаж байгаа од гэж Лисон хатагтай нарийхан уран хуруугаараа заан тайлбарлаад: -Тэр гялалзсан том бишээ, харин түүний хажуу дахь жигдхэн цэнхэр туяа цацруулагч од. Миний адрын цонхоор шөнө бүхэн харагддаг од байхгүй юу. Би түүнийг Уилли Жексон гэж нэрлэсэн.
-За арай ч үгүй байлгүй дээ! гэж хатагтай Лонгнекер хэлээд: -Би таныг одон оронч гэж мэдсэнгүй, хатагтай Лисон.
-Тэгэлгүй яахав! хэмээн бяцхан од тоологчийн дуу цангинаад явчихав. -Ангараг дээр энэ намар ханцуйны ямар даавуу моодонд орохыг би ямар ч одон орончоос дутахгүй мэдэх юм чинь.
-За арай ч үгүй байлгүй дээ! гэж хатагтай Лонгнекер дуугараад:
-Таны тэр хэлээд байгаа одыг чинь Адаг чуулганы мананцарын Гамма гэж нэрлэдэг юм. Хоёрдугаар зэргийн хэмжээтэй оддын аймагт хамаардаг, уртрагийгдаван өнгөрөхдөө... гэтэл,
-Өө, гэж залуу ноёнтон Ивэнс дуугарснаа,
-Харин ч түүнд Уилли Жексон нэр нь илүү зохиж байгаа юм шиг санагдах юм гэв.
-Ойлгож ядах юу байнаа гэж ноён Гувер хэлснээ, хатагтай Лонгнекерын зүг зэвүүн, чанга шуухитнаснаа, -Хатагтай Лисон од мичидийг хүссэнээрээ нэрлэх эрхтэй, эрт балрын одон орончдоос тэр юугаараа дутдаг юм.
-Арай ч үгүй байлгүй дээ хэмээн хатагтай Лонгнекер сүүрс алдав.
-Энэ од газарт унах уу, үгүй юү гэдэг л сонин байна гэж хатагтай Порн хошуу нэмээд:
-Буудлагын газар, бүтэн сайнд арваас есөн нугас, нэг туулай миний суманд ханарч унасан... гэхэд:
-Эндээс, ийм дороос миний од тийм ч сайхан харагддаггүй юм байна гэж хатагтай Лисон өчив.
-Түүнийг миний өрөөнөөс харсан ч болоосой. Худгийн ёроолоос өдөр ч од харагддаг юм. Шөнө миний өрөө яг нүүрсний уурхайн цооног шиг тас харанхуй, ганцхан Уилли Жексон л шөнө авхайн кимоногоо гоёсон томоо очир алмаасан энгэрийн зүү шиг гялалзаж байдаг юм гэжээ.
Гэтэл Лисон авхайд гаргац муутай гар бичмэл машиндахаар гэртээ авчрахаа болих тийм цаг бас ирэв. Тийнхүү өглөө болгон ажилдаа явахын оронд тэр нэг албан газраас нөгөө рүү сажилах болж, ичгүүргүй залуу албан хаагчдын үргэлжийн цэвдэг хүйтэн татгалзсан хариу зүрхийг нь шимшрүүлж эхэлжээ. Энэ бүхэн удаан үргэлжлэв.
Нэг удаа тэр хоолоо идчихээд гуанзнаас ирдэг тэр л цагтаа, үдэш болсон хойно Паркер ахайтны байшингийн шатаар ядруухан өгсөж явжээ. Гэхдээ энэ удаа ходоод нь хов хоосон байлаа.
Үүдний өрөөнд бүсгүй ноён Гувертэй тулгарч, цаадах нь ийм аятай учрал тохиолыг яаж алдах вэ. Тэр бяцхан бүсгүйн дээрээс аварга хадан хясаа мэт өнгийн саатсанаа, гэргий минь болооч хэмээн гуйжээ. Бүсгүй зогтусан ухраад, хананд наалдчихав. Нөгөөх нь гарыг нь атгахаар зүтгэлэхэд бүсгүй гараа өргөснөө, хацрыг нь чолхийтэл алгаджээ. Тэр шатны бариулаас тас атгасаар, алхам алхмаар шатаар зугуухан өгсөж одов. "Тайзны тээр зүүн захаас Гүнгийн зогсож буй тэр газар руу дүүлэн хүрэх ёстой" Мертл Делормд (Лисон авхай) зориулсан шинэ үзэгдлээ өөрийнхөө инээдмийн жүжигт (хүмүүст хүрээгүй) час улаан бэхээр оруулга хийн нэмж буй ноён Скиддерийн өрөөний үүдээр тэр өнгөрлөө. Шалны банз дэвссэн эгцхэн, эвгүй шатаар дээврийн хонгил хүртэл мөлхлөө тэр, өөрийнхөө өрөөний хаалгыг ч онгойлгов.
Түүнд чийдэнгээ асаах, хувцсаа тайлах ч тэнхэл байсангүй. Бүсгүй төмөр орон дээр унаад өгсөн ч түүний эцэнгэр турьхан бие хуучин муу пүршийг нь өчүүхэн ч хотойлгосонгүй. Энэхүү тамын нүхнээ булшлагдсан бүсгүй, хүнд зовхио арай ядан нээснээ инээмсэглэвэй.
Яагаад гэвэл чин үнэнч Уилли Жексон нь хурц, амгалан гэгээгээрээ адрын цонхоор түүнийг гийгүүлэнхэн байлаа. Бүсгүй бүх л ертөнцөөс ажин түжин анги тусгаар болжээ. Тэр хөлгүй харанхуйд живээд, өөрөө тийнхүү гайхмаар, нэмэр тус ч үгүй нэр хайрласан одыг нь ганц бяцхан дөрвөлж хүрээлэн байлаа. Хатагтай Лонгнекерын зөв ч биз, энэ од ерөөс Уилли Жексон бус, харин Адаг чуулганы мананцарын Гамма ч байж магад. Гэхдээ энэ од битгий л Гамма байгаасай гэж би юутай их хүснэм.
Тэр өөдөө харж хэвтээд, гараа өргөх гэж хоёронтоо оролдов. Гурав дахидаа бүсгүй хоёр савхан хуруугаа арайхийн уруулдаа хүргэж, өөрийнхөө харанхуй нүхнээс Уилли Жексонд халуун дотно үнсэлт илгээжээ. Тэгснээ гар нь салхийн доошоо унав.
-Хагацъя даа, Уилли, гэж тэр сонсогдохтой үгүйтэй шивнээд: 
-Чи эндээс мянга мянган бээрийн алсад байгаа, ядаж ганц удаа ч гялсхийгээгүй шүү дээ. Гэхдээ энд тас харанхуй байхад чи тээр тэндээс намайг үргэлж гийгүүлж байсан, тийм ээ? Мянга мянган бээр... Хагацъя даа, Уилли Жексон...
Хар арьст зарц хүүхэн Клара, Лисон хатагтайн хаалга түгжээтэй байгааг маргааш нь арван цагт мэдэж, хаалгыг нь эвджээ. Цууны хүчил, өд шатаах, илэх базах ч нэмэр болсонгүй, хэн нэг нь түргэн тусламж дуудахаар ухасхийлээ.
Ирэх ёстойгоосоо хожимдолгүй аймшигт дохиогоо хангинуулсаар эмнэлгийн тэрэг довжооны тэнд эргэж, үл мэдэг гуниглуун, үл мэдэг мишээсэн амгалан царайтай, өөртөө итгэлтэй ирмүүн, юунд ч бэлхэн, шалмаг, цагаан халаадтай залуухан эмч дотроос нь харайн бууж ирэв.
-Дөчин есдүгээр байшинд тэрэг ирлээ гэж тэр түс тас хэллээ.
-Юу болоов?
-Аах, тийм ээ, эмч ээ хэмээн байшинд үймээн сандчаан дэгдсэнээс үүдсэн өөрийнх нь тавгүйрхэл л хамгаас чухал мэт хатагтай Паркер гомдоллож гарав.
-Түүнд юу тохиолдсоныг би ерөөсөө ойлгохгүй юм. Бид юу эсийг хийв, тэр ухаан орохгүй юм. Тэр чинь залуухан хүүхэн шүү дээ, нөгөө хатагтай Элен, тийм ээ, нөгөө Элен Лисон авхай. Хэзээ ч урьд нь миний байшинд...
-Аль өрөө вэ? гэж Паркер хатагтайн амьдралдаа хэзээ ч сонсож дуулж байгаагүй тийм аймшигт дуугаар эмч асуулаа.
-Дээврийн хонгилд. Энэ...
Түргэн тусламжийн эмч дээврийн хонгилуудын тэр мэт өрөөнүүдийн байрлалыг сайн мэддэг бололтой. Тэр дөрөв дөрвөн гишгүүр алгасан харайсаар дээшээ гүйж одов. Паркер авгай харин өөрийгөө хүндэтгэх сэтгэл нь тулгаж буй тэр л зангаараа түүний араас аядуухан дагалдлаа.
Одон орончийг гар дээрээ өргөөд, хэдийнээ доошоо бууж яваа эмчтэй тэр шатны эхний талбар дээр яг тулчихав. Тэрбээр зогсоод, мэс заслын хутга лугаа адил хурц хэлээрээ хэдхэн үг, ердөө хэдхэн үг, тийм ч чанга бус хэлжээ. Үрчийдэггүй даавуугаар оёсон даашинз өлгөсөн хадааснаасаа гулгаад унах мэт Паркер хатагтай түгдгэсгээд хөшиж орхив. Тэр цагаас хойш энэ жигтэй байдал түүний бие, сэтгэлд үүрд хадагдан үлдсэн юм. Сониучхан оршин суугчид тэр үед эмч түүнд юу гэж хэлсэн бэ хэмээн үе үе асуудаг л даа.
-Асуусны ч хэрэггүй, гэж тэр хариулдаг юм.
-Хэрэв би тийм үг дуулсныхаа төлөө нүгэл хилэнцээ наминчилж чадвал сэтгэл амар нүд анихсан.
Эмч гар дээрхээ өргөсөөр, элдвийн жигтэй сонин үзвэрийн араас хошуурцгаадаг бөөн улсын хажуугаар өнгөрсөн бөгөөд тэд хүртэл айж ширвээтсэндээ зам тавьж өгцгөөжээ. Яагаад гэвэл түүний царай ч гэж царай, хамгийн дотнын хүнээ оршуулж буй мэт баргар байлаа.
Амьдын шинжгүй бүсгүйг тэр машинд зэхээтэй дамнуур дээр тавьсан ч үгүй, тэвэрсэн чигтээ урд суугаад, гагцхүү жолоочдоо "За жийгээд байгаарай, Уилсон!" гэж хэлэхийг нь мөнөөх улс үзэж дуулав.
Ингээд гүйцээ. Ямар өгүүллэг болсон байна? Маргааш нь би өглөөний сонины элдэв хэрэг явдлын тухай булангаас бяцхан тэмдэглэл олж уншсан бөгөөд сүүлийн хэдэн үг нь эл явдлыг шүүн тунгааж ойлгоход танд (надад тус болсонтойгоо адил) тус болж магадгүй гэж найднам.
Тэрхүү тэмдэглэлд, өлсгөлөнгийн улмаас тураалд орж харангадсан залуухан бүсгүй Дорнод гудамжны 49 дүгээр байшингаас Бельвюгийн эмнэлэгт саяхан хүргэгдэж ирсэн тухай өгүүлжээ. Тэмдэглэлийг ийм үгээр төгсгөсөн байлаа.
"Өвчтөнд анхны тусламж үзүүлсэн Уильям Жексон эмчийн нотолж буйгаар өвчтөн эдгэрэх найдвартай гэнэ"

О.Генри, Эх сурвалж: Urlag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Багш" найраглал БҮРЭН эхээрээ
2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.54)
    Gaihaltai..
    2020 оны 02 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮОХ, Японы ҮОХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    10 цаг 54 мин
  • П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга боллоо
    11 цаг 20 мин
  • “Нутгийн буян” группийн 30 жилийн ойн барилдаанд улсын арслан Б. Бат-Өлзий түрүүлжээ
    11 цаг 26 мин
  • Залуус нэгдэж, “Реформ” клуб байгуулжээ
    11 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
    11 цаг 30 мин
  • Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
    11 цаг 36 мин
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
    Өчигдөр 14 цаг 25 мин
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    Уржигдар 17 цаг 42 мин
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    Уржигдар 17 цаг 19 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    Уржигдар 16 цаг 24 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    Уржигдар 16 цаг 19 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    Уржигдар 15 цаг 56 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    Уржигдар 15 цаг 44 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК