Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Элгэнд хайртай” Ж.Чинбүрэн

2020-5-04
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Ж.Чинбүрэн 1972 оны 4-р сарын 19-нд Улаанбаатарт төрсөн. Аав, ээж нь хоёулаа Сүхбаатар аймгийн харьяат, эрдэмтэн. Аав С.Жигжидсүрэн нь Монгол орны бэлчээрийн өвс ургамлыг судалж, үрийн сан хөмрөг бүрдүүлж өвлүүлсэн нэгэн. Ээж Г.Надмид нь шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. Ноос, ноолуурынхан дундаа толгой цохидог эрдэмтэн хүн. Ж.Чинбүрэн эцэг эхээс ах дүү гурвуулаа, айлын дунд хүү.

Баримт 2.

Ж.Чинбүрэн 3 настайдаа цэцэрлэгээсээ дан дээлтэй дүн өвлөөр гараад даарч төөрч явахад саахалт айлынх нь хүн Дунд голын мөсөн дээрээс олж ээжид нь авчирч өгчээ. Халуун хөнжилд хучаад унтуулахад маргааш нь эв эрүүл боссон гэдэг. Амьд үлдэх аз түшсэн гэж багын явдлаа хожим дурсдаг.

Баримт 3.

Тэрбээр 1980 онд 23-р тусгай дунд сургуульд элсчээ. Түүнийг Орос сургуульд оруулахын тулд аавынх нь нутгийн хуурай ах Шагдарсүрэн гэдэг хүн өдөр, шөнөжин дугаарлан байж бүртгүүлснээр Чинбүрэн шалгалт өгч тэнцсэн байна. Орос цэцэрлэгт хүмүүжээгүй учраас хичээлээ ойлгохгүй, заасан үгийг нь хурдан цээжилдэг ч төдхөн  мартчихдаг байж. Хичээлийн дараа үлдэж хоцрон, заримдаа  1 гэсэн дүн авч, чихээ мушгиулдаг сурагч явжээ. Бусад хичээлдээ гайгүй ч орос хэлэндээ “эх орны алтан гурав”-аас хэтэрдэггүй байсан байна. 4-р ангиа төгсөх жил багш нь Чинбүрэнд урам өгч, орос хэлний багшаас нь гуйж, улирлын дүнгээр “Сайн” гаргаснаас хойш сурлага нь эрс сайжирчээ. 7 дугаар ангиасаа сургуульдаа сурлагаар дээгүүр бичигдэх болж, төгсөх жилдээ тэргүүлэгчдийн эгнээнд жагссан байна. Доктор Ж.Чинбүрэн дүнгээр хөөцөлдөх буруу гэж үздэг, “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэх” гэдэг үгэнд дуртай нь ийм учиртай.

Баримт 4.

Ж.Чинбүрэн 10 жилийн сурагч байхдаа спортод ихээхэн сонирхолтой чөлөөт бөхийн Идэрчүүдийн шигшээ багт Б.Гантогтох гардитай хамт хичээллэдэг, орос сургуулиудын аварга болж байжээ. Мөн газрын теннисээр хичээллэдэг дүүрэг, нийслэлийн тэмцээн уралдаанд амжилттай оролцдог,  нийгмийн идэвх өндөртэй хүүхэд байжээ.  

Баримт 5.

Ж.Чинбүрэн хүү 12 настай байхдаа нагац ээжийгээ эргэх гэж Хавдрын эмнэлгийн шар байшинд анх удаа хөл тавьсан байна. Ээжийг нь өсгөсөн Ажаа нь хорт хавдраар өвдсөн байжээ. Эцэж тураад, харцнаас бусад нь танихын аргагүй... Айж байсан ч ухралгүй Ажаадаа үнсүүлэхэд  “Нурууг минь илээд өгөөч” гэж гуйжээ. “Пөөх, миний хүүгийн гар яасан сайхан илчтэй юм. Өвчин алга болчих шиг” гэж Ажаагийнх нь хэлсэн үг бяцхан хүүд урам өгч. Ажаагийн зөгнөж хэлсэн энэ үг,  хожим эмч,  мэс засалч болох зам мөрийг нь зурсан мэт. Ачит нагацтайгаа ахиж уулзаагүй хүү 13 жилийн дараа уг шар байшиндаа эмч болон ирж, Ажаа шигээ өвдөж шаналсан хүмүүсийг аврахын төлөө ажил, амьдралаа зориулж явна. Хавдрын эмнэлгээс гараад ээжтэйгээ хөтлөлцөн алхаж явахдаа “Ажаа шигээ хүмүүсийг аварна. Хорт хавдрын мэс заслын эмч болохдоо л болно” гэж бодсон Ж.Чинбүрэн Оросын телевизээр нэвтрүүлдэг араб эмч Авиценн тухай кинонд дурлажээ. Ангийнх нь хүүхдүүд ч манай Чинбүрэн эмч болно гэсээр байгаад л эмч болсон гэж хэлдэг.

Баримт 6.

Ж.Чинбүрэн хоёр нийгмийн зааг 1990 онд арван жилээ төгсөөд Анагаахын дээдэд шалгалт өгсөн ч тэнцсэнгүй. Ирээдүйн доктор, гавьяат эмч, эмнэлгийн захирал, Францын мэс заслын академийн хүндэт гишүүн болох залуу 3-р эмнэлэгт нэг жил асрагчаар ажиллаж, шал угааж, хог шүүрдсэн байна. “Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий” гэдэг. Асрагч хөвгүүн дараа жил нь ахин шалгалт өгөн тэнцэж, тухай үеийн АУДС-ийн оюутан болжээ.

Баримт 7.

Ингэж явсаар Ж.Чинбүрэн 1997 онд ХСҮТ-д дадлагажигчаар ажиллахаар болжээ. Бүтэн жил цалингүй ажиллаж байтал эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал дуудаж “Чамайг ажилд авч чадахгүй нь. Энд цагаа дэмий бүү үр” гэжээ. Энэ үеэр анх дадлагажигч болоход нь тосч авсан Я.Эрдэнэ-Очир багш нь орж ирж таарсан байна. “Энэ нөхөр ямар ч шийдвэр, тушаалгүй, энд юу хийж байгаа юм бэ” гэж асуухад Я.Эрдэнэ-Очир “Наад нөхөр чинь харин ч нөгөөдүүлээсээ дээр юм байна лээ шүү дээ” гэж хэлснээр ХСҮТ-д эмчээр үлдэж, цалин мөнгө авахаар болсон түүхтэй. “Хэрвээ багш нь тэр өрөөгөөр шагайж таараагүй бол хувь заяа минь яаж эргэх байсан юм” хэмээн Ж.Чинбүрэн эмч ярьдаг.

Баримт 8.

Ж.Чинбүрэн 3 охин, 1 хүүтэй. Хоёр бага охин нь ихэр. Том охин нь насанд хүрч, олон улсын байгууллагад ажиллаж байгаа. Хүү нь 3 настай. Шар наран, бор хоногтоо гэрийн бараа хардаг эмч аавтай охид мэргэжлийг нь өвлөхийг хүсээгүй. Харин хүү нь эмч болж тоглох их дуртай.

Баримт 9.

1999 онд охидын ээж нь АНУ-д магистрт суралцахаар далайн чинадыг зорьжээ. Удалгүй Ж.Чинбүрэн ой зургаан сартай охиноо тэврээд араас нь очсон аж. Тэтгэлэг байр, хоолонд зарцуулагдаад, цаана нь 20 ам.доллартай л үлдэнэ. Ахуй амьдралаа авч явахын тулд ажлыг голохгүй хийж, зогсолтгүй зүтгэх хэрэгтэй болжээ. Коланы лааз, пивоны шил цуглуулан Уолл мартад тушааж, сард 100 ам.доллар олдог болов. Үдшийн 21.00 цагаас 02.00 цаг хүртэл пиццаны газарт аяга таваг угаана. Эхэн үедээ аяга угаагчаар орсон тэрбээр удалгүй дэвшиж, тогоочийн туслахаар ажиллах болсон байна. Энэ үеэс Ж.Чинбүрэн грек, итали төрөл бүрийн хоол хийх, мах, загас шарах дадлыг олж, өдгөө хэнээс ч дутахааргүй тогооч болсон гэдэг.

Баримт 10.

Америкт байхдаа номын санд сууж, компьютерийн программууд ашиглан, арван хуруугаар шивж, англи хэл сурсан нь хожим дэлхийн хавдар судлалын шилдэг эмч нарт шавь орох, арга технологид суралцахад нь холбох гүүр, нэвтрэх зам нь болсон байна.

Баримт 11.

Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмж, орчин нөхцөл нь 2000 он гартал ямар нэгэн шинэчлэл байхгүй, “хар зах”-аас оёдлын утас авч, савандаж угаадаг, 72 цаг спиртэд байлгаж, мэс засалд ашигладаг байв. Хувцас бусад хэрэглэл, оёдог утас хэрэглэсэн мэс заслын шарх эдгэж илаарьших нь мэдээж муу. Хагалгаанд орсон 10 хүний 4 нь хүндэрдэг байсан цаг. Элэг цөс, нойр булчирхайны тусдаа тасаг гэж байхгүй. Р.Сандуйжав багш, анхны шавь Э.Тайванбаатар, Н.Юмчинсэрчин нартай элэгний мэс заслын бүх ачааг үүрдэг байв. “Ард Москва бий, алхам ч ухрахгүй” гэдэг шиг л хүнд хэцүү тулааны үе  хол биш ойрын түүх.

Баримт 12.

2001 оноос Монголын хавдар судлал, эмчилгээ, мэс засалд шинэ үе эхэлсэн байдаг. Швейцарын мэс заслын багаас 40 тн-ын чингэлэг дүүрэн багаж хэрэгсэл Монгол Улсын мэс заслын хангалтыг нийлүүлж байв. Өөрсдөө багаараа ирж мэс засал хийж, арга туршлага зааж, хөдөө орон нутгаар ч ажиллана. Багийн ахлагч Абер Хардын санал болгосноор Ж.Чинбүрэн Швейцарын Лозанийн их сургуулийн харьяа Эвердон хотын эмнэлэгт дадлага хийжээ. Компьютер томографт суралцаж, дурангийн хагалгаа анх удаа бие даан хийж, мэс засалчийн хувьд бүхэл бүтэн ертөнц өмнө нь нээгджээ.

Баримт 13.

Дадлага хийж байхдаа Лозанийн их сургуулийн профессороос цаг хүссэн боловч бүтэн сар хүлээх хэрэгтэй болсон тул уулзаж чадалгүй буцаж ирсэн гэдэг. Тэр хүн нь элэг бүтэн Монголын төлөө үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан Мишель Жилет эрхэм байсан юм.

Баримт 14.

Дэлхийн элэгний мэс заслын ноён оргилын нэг Мишель Жилет гуай Монголд 2004 онд ирлээ. Дэлхийд нэртэй профессорыг залахад Швейцарт амьдарч байсан Х.Баянмөнх эмч их үүрэг гүйцэтгэжээ. Жилет эмч залуудаа эхнэрээ хорт хавдраар алдаж, 4 хүүхдээ тэврэн үлдэж, хагацал зовлон туулсан эцэг. ХСҮТ-д ирж ажиллан элэгний 65 хувийг дусал цус гаргахгүйгээр тайрахад Ж.Чинбүрэн нарын монгол эмч нарын ёстой л нүд нь орой дээрээ гарч байжээ. Ж.Чинбүрэн англи хэл сурсан нь дэм болж, Жилет профессорт шавь оржээ. “Би чамд заана, харин чи бусдад заагаарай” гэсэн ганцхан хатуу болзолтой. Үүнээс хойш жил бүр дөрвөн долоо хоногоор өөрийн зардал мөнгөөр ирж, хагалгаа хийж, зааж сургаж байна.

Баримт 15.

Жилет профессор монголчууд бид шоколадаар нь сайн мэддэг Nestle-гийн эзнийг эмчилгээгүй гэж байхад аварсан хүн. Дэлхийн хэмжээний тэрбумтан баярласнаа илэрхийлж бэлэг өгье гэхэд “Монголд мэс заслын хайч, хутга барьсан хэдэн хүүхэд бий. Тэдэнд л туслахсан” гэж хэлээд бичиж өгсөн 100 мянган еврогийн чекийг нь барьсаар Монголд 2007 онд иржээ. Жилет гуайн элгэмсэг өгөөмөр сэтгэл, гайхамшигт ур чадвар шингэсэн энэ мөнгөөр Элэг цөс, нойр булчирхайн тасгийг 2008 онд байгуулахад хэрэгцээ шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангасан нь өнөөдөр ч үндсэн гол ачааг үүрсээр байна.

Баримт 16.

2009 оны зун. Хувь ерөөлтэй учрал гэж бий. Үдийн цайгаа уух гээд нэг давхарт байрлах цайны газар руу алхаж явтал нэг япон жуулчин эмнэлэг үзэж сонирхож явж байхтай таарлаа. Токиогийн эмэгтэйчүүдийн их сургуулийн 1000 ортой эмнэлгийн мэс заслын эмч, профессор М.Ямамото гэдэг хүн. Түүнтэй танилцсаны дурсгал болгон нэгэн ном барьжээ. Ким Такасаки хэмээх хүний бичсэн, элэгний мэс заслын техник, арга зүйг илтгэн хөндсөн, англи хэлээр орчуулагдсан бүтээл. Жилет багш, Ж.Чинбүрэн хоёрын хийж чадахгүй байсан элэгний төвд байрласан хавдрыг хэрхэн тайрахыг нэвт шувт нээн харуулсан арга туршлага дурайж байх нь эр. Эрдэнийн судар мэт тэр номыг үүр цайтал уншив. Япончуудын гайхамшигт арга туршлагыг Европт олж мэдээгүй байлаа. Номонд бичсэн аргаар гурван хагалгаа хийж, зургийг нь аваад Ямамото профессорт явуулжээ. Удаахь хавар нь Жилет багш нь Монголд ирэхдээ япон арга туршлагыг хамгийн зөв, хамгийн хялбар зам байна, Европт нэвтрүүлье гэж үнэлсэн байна. Энэ аргаар Монголд 100 гаруй хагалгаа хийж, Парист болсон элэгний шилдэг мэс засалчдын хуралд илтгэл тавьж, Америкийн нэртэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэв. Японы арга туршлагыг амьдралд нэвтрүүлж, Европт түгээн дэлгэрүүлсэн амжилтаар нь Токиогийн Эмэгтэйчүүдийн их сургуулиас Ж.Чинбүрэнд докторын зэрэг олгосон юм.

Баримт 17.

Гавьяат эмч Ж.Чинбүрэн 2018 онд 280 гаруй жилийн түүхтэй Францын мэс заслын Академийн хүндэт гишүүн болсон байдаг. Уг шагналыг Ази тивээс хоёрхон хүн авсан байдаг нь Вьетнам улсаас Тан тунг,  Элэгний мэс заслын эцэг гэж хүндлэгддэг профессор  М.Макүүчи нар юм.

Баримт 18. 

Францын мэс заслын академийн хүндэт гишүүн болж, илтгэл тавих үеэрээ М.Макүүчи профессортой танилцав. Орчин цагийн элэгний мэс заслын эцэг. Дэлхийд анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн хүн. Макүүчи сантай гар барих хүмүүс дугаарлачихсан, хэдэн хором ярилцах боломж ч ховор олдоно. Харин Жилет багш нь монгол шавьтайгаа уулзахыг хүссэнээр тусгайлан ярьж танилцах завшаан олдсон байна. Асашёрюү Дагвадорж Японд эр бяраа ид гайхуулж байсан энэ цаг үед сүмогийн хорхойтон Макүүчи сан монгол хүнтэй дуртай уулзжээ. Нэг хүний амжилт нийт Монголын элэг бүтэн амьдралд тус болсон гэсэн үг. Макүүчи профессор дараа жил нь Монголд ирж, хагалгаа хийж, тус бүр нь Ланд 200 машины үнэтэй 2 эхо бэлэглэсэн билээ.

Баримт 19.

Ж.Чинбүрэн ХСҮТ-д таарч, эрдэнийн үсэгтэй судар гэмээр ном бэлэглэж байсан Ямамототой профессортой түүнээс хойш дотно холбоотой болжээ. Дэлхийн шилдэг мэс засалчдын олон улсын хурлыг Монголд 11 удаа зохион байгуулав. Ерөнхийлөгчийн ивээл дор 2019 онд Элэгний шилдэг мэс засалчид Монголд цугласан нь үүний илрэл. Газар газраас ирсэн алдартай эмч нар зөвхөн үг хэлэх гэж ирдэггүй. Монголд мэс засал хийж, арга туршлагаа харамгүй зааж сургадаг.

Баримт 20.

Жилет багшийнхаа захиснаар Ж.Чинбүрэн сурсан мэдсэнээ шавь нартаа зааж байна. Өнөөдөр ХСҮТ-д 40 гаруй хүний хүнтэй бүтэн баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм. Мэс засал бол багийн амжилт. Нэг хоёр супер хүн биш нийт багаараа гар нийлэх хүч. Залуу эмч нар нь бүгд  гадаад хоёр хэлтэй. Энэ тасгийн бүх эмч англиас гадна франц, орос, турк, солонгос, японоор ярина. Дэлхийн монгол эмч байя гэвэл 3 шалгуурыг давах ёстой. Эхнийх нь гадаад хэл, ажил, амралтын өдөр гэж ялгалгүй ирж биеийг нь, боолтыг үзэж хүнээ үргэлж анхаарч байх шаардлага. Гурав дахь мэргэжлийн ном, бүтээлийг их унших. Уншихдаа үг үсэггүй цээжлэх биш гол үндсийг нь олох.

Баримт 21.

Ж.Чинбүрэн эмч 23 жилийн туршид 1200 гаруй хүнд элэгний хагалгаа хийжээ. Хүнд хагалгаа нь 20 цаг хүртэл үргэлжлэх удаа бий. Дундчилж үзвэл өдөр шөнөгүй бүтэн жил элэг бүтэн Монголын төлөө мэс засал хийсэн гэсэн үг. Үүнээс элэг шилжүүлэн суулгах 21 удаагийн мэс засал хийжээ. Тэрбээр улирал тутамд Орос, Казахстанд уригдаж, өндөр төлбөртэй мэс засал хийдэг, арга туршлага зааж сургадаг аж. Орос, казахууд монгол эмчид багшлах биш шавилах болсондоо эхэндээ гайхан хүлээн авч байжээ. Гадаадад уригдаж ажиллаад авдаг хөлсөөрөө охидынхоо сургалтын төлбөрийг төлдөг.

Баримт 22.

Эмч хүн чагнуур, хайч, багажаа барихаараа хүний биеийн эмч. Эмч хүн үзэг, микрофон барихаараа нийгмийн оюун санааны эмч гэж Ж.Чинбүрэн хэлдэг. Өвчтэй нэгэн өөрийг нь зориод ирэхийг хүлээж суух биш урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл аж төрөх соёлын үрийг тарьж байх үүрэгтэй гэж үздэг. Монголд жилдээ 6000 гаруй, өдөрт 16 хүнийг хорт хавдар гэсэн оноштойгоор хүлээн авдаг. 10 хүний 7 нь хожуу үедээ мэддэг байдал сүүлийн 10 жилд бараг өөрчлөгдөөгүй учраас эмч хүн биеийг эмчлэхээс дутахгүй эрүүл амьдрах соёлыг түгээх үүрэгтэй. Энэ хүрээнд Ж.Чинбүрэн эмч яавал хорт хавдар тусахгүй байх вэ?, эрт илрүүлж оношлуулахын тулд Та юу анхаарах вэ? гэдэг асуултын хариуг аль болох олон хүнд хүргэх аяллаа 2013 оноос эхлүүлсэн нэгэн.

Баримт 23.

Ж.Чинбүрэн эмчийн нийгэмд хандсан уриалга, хорт хавдрын эсрэг тэмцэл нь 2016 онд МАН, АН-ын сонгуулийн  мөрийн хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол”-ыг тусгуулах голлох нөлөөтэй оролцсон байдаг. УИХ-ын гишүүдтэй хамтран Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь үүний тод жишээ. Үр дүнд нь 1,3 сая монгол хүнээ элэгний B, C вирусийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж эхэлсэн билээ. Уг ажлын хүрээнд 130 гаруй мянган хүн элэгний вирусээ эрт мэдэж, эмчлүүлсэн юм. Гадаадад хийлгэвэл 150-250 сая төгрөгийн төлбөртэй элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоног төхөөрөмжтэй болох “Элэг нэгт Монгол” хөдөлгөөнийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, яруу найрагч Ц.Хулан, дуучин Т.Ариунаа, сэтгүүлч Б.Гантигмаа нарын хамт санаачилсан. Тэрбум 64 сая төгрөг цуглуулж, элэг шилжүүлэн суулгахад хэрэгтэй аппарат тоноглолтой болсон байдаг. ХСҮТ-д үүнээс хойш элэг шилжүүлэн суулгах 21 хагалгаа амжилттай хийгээд байна.

Баримт 24.

Булган аймагт “Баатар ван” амралтын газрын орчимд 7 настай хүүг аянгад цохиулан, амь нас нь хутганы ирмэгт байхад Ж.Чинбүрэн эмч золоор таарч, хиймэл амьсгаа хийн амийг нь аварчээ. Хүүг эдгэрсний дараа аав ээж нь Ж.Чинбүрэн эмчийг зорин ирж, баярласнаа илэрхийлэн золгосон түүхтэй.

image

Францын мэс заслын академийн хүндэт гишүүн, хүний гавьяат эмч, доктор Жигжидсүрэнгийн Чинбүрэнгийн ажил, амьдрал, амжилтын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮОХ, Японы ҮОХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    7 мин
  • П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга боллоо
    33 мин
  • “Нутгийн буян” группийн 30 жилийн ойн барилдаанд улсын арслан Б. Бат-Өлзий түрүүлжээ
    39 мин
  • Залуус нэгдэж, “Реформ” клуб байгуулжээ
    43 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
    43 мин
  • Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
    49 мин
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
    22 цаг 14 мин
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
    22 цаг 20 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
    22 цаг 30 мин
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
    22 цаг 38 мин
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    Уржигдар 17 цаг 42 мин
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    Уржигдар 17 цаг 19 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    Уржигдар 16 цаг 24 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    Уржигдар 16 цаг 19 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    Уржигдар 15 цаг 56 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    Уржигдар 15 цаг 44 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК