"Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин, соёлын наадмын талаар Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд "Цар тахлын үед олон нийтийг хамарсан олон арга хэмжээ хойшлогдож байна. Гэсэн ч Гандантэгчэнлин хийдээс цар тахлын үеийн дэглэмийг сахиж “Хүрээ цам 2020”-ыг зохион байгуулахаар болсон. Ингэхдээ морь уралдах, бөх барилдах, сур харвах тэргүүтэй олон үйл ажиллагаа болохгүй. Харин “Хүрээ цам 2020” шашин соёлын арга хэмжээ энэ сарын 29-ний өдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болно.
Тодруулбал, 27-ны өглөө 07.00 цагаас хурал номын үйл ажиллагаа эхэлнэ. Харин 28, 29-ний өдөр дэг жаягийн дагуу хурал ном хурна. Цар тахлын үе таарсан учир зөвхөн цамын үйл ажиллагааг телевиз цахим сүлжээгээр олон нийтэд түгээнэ" гэлээ.