Энэ жил автомашингүй өдрийг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатайгаар есдүгээр сарын 25-ны ням гаригт зохион байгуулна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын төв хэсгийн зам, томоохон зах, худалдааны төвийг 07.00-18.00 цагийн хооронд түр хугацаагаар хаах юм.
АВТОМАШИНГҮЙ ӨДРӨӨР УРЛАГ, СПОРТЫН ОЛОН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО
Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан урлаг, спортын арга хэмжээнүүд, сонгодог дуурийн тоглолт болохоос гадна нийслэлийн нийгмийн салбарын үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах юм. Мөн дүүргүүд төв талбайд асар засаж, хөтөлбөртэй арга хэмжээг зохион байгуулна.
Автомашингүй өдрөөр нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замууд буюу Сөүл, Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал, Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам, Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана.
Иргэд замын хяналтын цэг буюу хаалт тавьсан хэсгүүдэд автомашинаа байршуулж явганаар хөдөлгөөнд оролцох нь их. Эдгээр цэгүүдэд бусдын хөдөлгөөнд саад учруулж, автомашинаа тавихгүй байхыг анхааруулж байна.