
Манай улсаас жүдогийн -100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн гэх хүү цойлж, улмаар +100-д улам гойд амжилтыг үзүүлэх болсон. Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнжаргал нараас хойш уг жинд Монголын нэрийг тахлах жүдоч ийнхүү мэндлэв.
Тэрбээр "Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулагдсан сумын заан болон цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд ГУРВАН удаа түрүүлсэн амжилтыг одоогоос яг жилийн өмнө үзүүлсэн. Эхний түрүүгээ тэрбээр 102 дахь удаагийн сумын заануудын барилдаанд хүртсэн бол сүүлийнхийг 2023 оны зургадугаар сарын эхээр хүртээд байна.
Тэрбээр Монголын үндэсний холбооны сар шинийн цуврал барилдааны эхнийх болох цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд мөн түрүүлсэн юм. Түүнийг өнгөрсөн жил аймгийн арслан цолонд хүрнэ гэж бөхийн хорхойтнууд хүлээж байсан ч Говьсүмбэр аймгийн баяр наадамд тав давж Аймгийн начин цол авсан. Түүгээр ч зогсохгүй улсын цолонд хүрч ч болох тухай ам уралдан ярилцдаг. Тийм ч юм уу гэчихмээр, оны эхэнд болсон Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит, Баянбулаг сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Цэргийн заан Ө.Батсуурийг хаяж, найм даван түрүүлсэн.
Тэрбээр өнгөрөгч оны гуравдугаар сард болж өнгөрсөн Тбилисийн Их дуулгаас мөнгөн медаль хүртсэн нь түүний Их дуулга тэмцээний хоёр дахь медаль юм. Тэрбээр анх 2021 онд Ташкентын Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. 2023 оны Улаанбаатар Их дуулгаас алтан медаль хүртэж, улмаар өнгөрөгч оны зургадугаар сард болсон Улаанбаатар Их дуулгад дахин аваргалж, нутгийн дэвжээнд медалиа ихэрлүүлсэн.
Б.Гончигсүрэн Азийн аваргын хошой хүрэл медальтан юм. Тэрбээр анх 2022 онд Казакстаны Нур-Султан хотноо зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Мөн өнгөрсөн оны Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж тивдээ хэр чансаатай эр гэдгээ харуулсан. Үүнийгээ батлах шиг энэ оны дөрөвдүгээр сард болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.
Түүний тухай хөгжилтэй факт бий. Сонирхуулбал, тэрбээр олон улсын чанартай нэгэн тэмцээнд оролцохоор хилийн чанадад очсон боловч байрлаж байсан газраасаа тэмцээн болох ордон руугаа буруу чиглэлийн автобусанд сууж, оролцож чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн удаатай гэнэ.
Б.Гончигсүрэн нь Архангай аймгийн Хотонт сумын харьяат Аймгийн арслан Э.Мөнхжаргалтай нэг нутаг. Тэд хоёул жүдогийн улсын аваргууд юм. Э.Мөнхжаргал нэг түрүүлж байсан бол Б.Гончигсүрэн таван удаа аваргалж байжээ.
Энэ оны ДАШТ-д өнгөтэй байсан ч ялимгүй хайнга барилдаан хийж шагналт байрт орсон тэрбээр Энэ онд Улаанбаатар Их дуулга, Чиндаогийн Гранпри, Абу Дабигийн Их дуулгад хол тасархай түрүүлээд байна.
Одоогоор тэр 3788 оноотойгоор, дэлхийн чансааны долдугаар байрт бичигдэж байна.
Л.Баяр






















































Сэтгэгдэл (20)