Тэшүүрийн спортын анхны гавьяат, спортын мастер, дасгалжуулагч Лувсаншаравын Цэнд 83 насандаа тэнгэрт дэвшлээ. Тэрбээр 1940 онд Булган аймгийн Сайхан суманд төрж, 1959 онд аймгийн 10 жилийн дунд сургууль, 1965 онд УБДС-ийг Биеийн тамирын багш мэргэжил эзэмшин төгсжээ.
Л.Цэнд наймдугаар ангид байхдаа хоёр голын бэлчээрт гулгадаг байжээ. Тэр үед Булган аймгийн Биеийн тамир, спортын хороо, залуучуудын байгууллага хамтран амралтын өдрүүдээр иргэдийнхээ дунд цана, чарга, тэшүүрийн тэмцээн зохион байгуулдаг байв. Физикийн багш Бадрах, малын эмч орос Ж.Гүржав нар тэшүүрээр гулгахад нь нөлөөлсөн гэдэг. Тухайн үед зориулалтын өмсгөл, гутал гэж байгаагүй учир модны хөрөөгөө дундуур нь хугалж модонд зоон эсгий гутал дээрээ сураар бэхэлж боогоод гулгадаг байсан нь түүнийг тэшүүрийн спортын "анхны гавьяат тамирчин" хэмээх алдарт хүргэжээ.
Мөн 1964 оны Австрийн Инсбург, 1968 оны Францын Герноволь, 1972 оны Японы Саппорогийн олимпод тамирчнаар оролцохдоо гурван удаа дарааллан олоимпын нээлтэд төрийн далбаагаа намируулж байжээ. Харин 1992 оны Францын Албертвиллийн олимпод дасгалжуулагчаар оролцож байсан "Монголын тэшүүрийн спортын эцэг" хүн билээ.
Гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.