
Ой тогтоолтын спортод Монгол Улсын баг, тамирчид дэлхийд нэгдүгээрт жагсаж байна. Тодруулбал, 2025 оны Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн нийлбэр оноогоор тодорсон шилдэг таван улсын жагсаалтыг Монголчууд тэргүүллээ. Манай орны шигшээ багийнхан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 15 дахь жилдээ амжилттай оролцохдоо долоон удаа дэлхийн аварга болж, олон улсын тавцанд тэргүүлэгч орны нэг гэдгээ батлан харуулав.
Оюуны спортын шигшээ багийнхан 2025 оны отгон тэмцээн болох Дэлхийн Ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулсан 34 дэх удаагийн ДАШТ-д 37 тамирчнаа илгээхдээ 90 медалиас 27 алт, 21 мөнгө, 22 хүрэл буюу нийт 66 медаль хүртсэнээс гадна 10 цомын эзэн болж, багаараа үнэмлэхүй амжилт үзүүлсэн юм.
Тэгвэл манай улсын араас Австрали, Хятад, Вьетнам, Алжир эрэмбэлэгджээ.
Л.Баяр


















































