
Монгол бөхийн өргөөнд “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярыг угтсан цуврал барилдаан үргэлжилж байна. Ахмад бөхчүүдийн барилдаан өчигдөр /2026.02.09/ боллоо.
Ахмад бөхийн барилдаанд 50-аас дээш насны 24 бөх зодоглосноос Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Ээлт хан галын бөх, Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга Агваансамдангийн Сүхбат түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, аймгийн арслан Чойжилын Эрдэнэчулуун үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хантайшир дэвжээний бөх, аймгийн начин Б.Пүрэвсүрэн шалгарлаа. Дунд шөвөгт улсын начин Д.Цогзолдорж, аймгийн арслан Ц.Жамсран, аймгийн начин О.Одсүрэн нар үлдсэн юм.






















































