
Нидерландын Йенс ван ’т Ваут Милано-Кортина 2026 өвлийн Олимпын наадмын шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1000 метрийн төрөлд гайхалтай өрсөлдөөний дараа түрүүлж, анхны Олимпын алтан медалиа хүртлээ. Уралдааны төгсгөлд тэрбээр БНХАУ-ын Сун Лун-ийг маш бага зөрүүгээр ялж, фото-финишээр ялалтаа баталгаажуулжээ.
24 настай Нидерландын тамирчин сүүлийн тойрогт хурд нэмэн, уралдааныг тэргүүлж байсан Канадын Уильям Данджинөү-ийг ардаа үлдээн, шийдвэрлэх довтолгоог хийсэн байна. Эцсийн мөчид Ван ’т Ваут болон Сун Лун нар дотор шугамаар давшиж, барианд бараг зэрэгцэн орсон ч Ван ’т Ваут 1:24.537 секундын амжилтаар түрүүлжээ.
Харин Сун Лун 1:24.565 секундээр мөнгөн медаль, БНСУ-ын 18 настай залуу од Рим Жон Гүн 1:24.611 секундээр хүрэл медаль хүртсэн бол Данджинөү дөрөвдүгээр байрт орсон байна.
Уралдааны дараа Ван ’т Ваут сэтгэгдлээ хуваалцахдаа: “Би үүнд итгэж чадахгүй байна. Олимпод оролцохыг мөрөөддөг байсан. Энэ улиралд Данджинөү маш хүчтэй байсан, харин миний хувьд хүндхэн улирал өнгөрсөн. Гэхдээ багийнхан минь надад итгэж, энэ алтан медальд хүргэсэн” гэжээ. Тэрбээр мөн “Шорт-трек бол миний хувьд урлаг. Би ээнэ спортыг үнэхээр их хайрладаг” хэмээн онцолсон байна.





















































