
2026 оны Өвлийн олимпийн үеэр Канадын кёрлингийн баг “давхар хүрэлт” гэх дүрэм зөрчсөн байж болзошгүй хэрэгт холбогдон маргааны төвд орлоо. Италийн Кортина д’Ампеццо хотод зохион байгуулагдаж буй Милан-Кортина 2026-ын үеэр Канадын тамирчин Марк Кеннеди чулуугаа тавьсны дараа дахин хүрсэн гэх хардлага дэгдсэн юм.
Үүнийг Шведийн багийн тоглогч Оскар Эрикссон ил тод шүүмжилж, дүрэм зөрчсөн хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татжээ.
Маргааны дараа Марк Кеннеди өөрийгөө санаатайгаар булхайцсан зүйлгүй хэмээн мэдэгдэж, энэ асуудал нь Канадын багийг онилсон урьдчилсан төлөвлөгөөтэй “дайралт” байж магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Би хэзээ ч шударга бусаар давуу байдал олж авах зорилготой тоглож байгаагүй” хэмээжээ. Гэвч цахим орчинд тархсан бичлэгүүдэд түүнийг чулууг хуруугаараа дахин хүрсэн мэт харагдаж байгаа нь маргааныг улам хурцатгасан юм.
Үүний дараа Канадын эмэгтэй баг ч мөн адил ижил зөрчил гаргасан байж болзошгүй хэмээн буруутгагдав. Тус багийн ахлагч Рэйчел Хоман энэ мэдээллийг эрс няцааж, “Огт боломжгүй” гэж мэдэгдсэн байна. Харин олон улсын удирдах байгууллага болох Дэлхийн Кёрлингийн Холбоо Кеннедид албан ёсны анхааруулга өгч, цаашид тамирчдын чулуу тавих үйлдлийг нарийвчлан хянахын тулд нэмэлт шүүгч ажиллуулахаар шийджээ.



























































