
АНУ-ын эрх баригчид 2026 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шүүхээр сонгогдсон Сомали улсын шүүгчийг хилээр нэвтрүүлэхээс татгалзсан нь олон улсын анхаарлыг татаж байна. Энэ шийдвэр нь спортын томоохон тэмцээний өмнөх визийн бодлого, аюулгүй байдлын шалгалтын асуудлыг дахин сөхлөө.
Мэдээллээр, FIFA-гийн шүүгчээр томилогдсон Омар Абдулкадир Артан АНУ-ын Майами хотын нисэх онгоцны буудалд ирэх үед нэмэлт шалгалтад орсон байна. Үүний дараа АНУ-ын Гааль, хил хамгаалалтын алба түүнийг “визийн шалгалт" даваагүй гэх үндэслэлээр улсдаа нэвтрүүлэхээс татгалзжээ. Гэвч албаныхан яг ямар тодорхой шалтгаан байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Омар Абдулкадир Артан нь Африкийн хөлбөмбөгийн холбооны шилдэг шүүгчдийн нэгээр нэрлэгдэж, 2025 онд тивийн шилдэг шүүгчийн шагнал хүртэж байсан туршлагатай нэгэн юм. Тэрбээр 2026 оны ДАШТ-ийг шүүхээр FIFA-гаас албан ёсоор сонгогдсон байсан бөгөөд Сомали улсаас ДАШТ-ийг шүүх анхны шүүгч болох боломжтой байв.
Энэхүү шийдвэрийн дараа хөлбөмбөгийн хүрээнд маргаан өрнөж эхэллээ. FIFA байгууллага энэ асуудалд шууд оролцох боломжгүй, тухайн улсын цагаачлалын бодлого бүрэн эрхийн хүрээнд хамаардаг хэмээн мэдэгдсэн байна. Харин Сомалийн тал уг шийдвэрийг шүүмжилж, спортын шударга ёсны зарчимд харшилсан үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Спортын шинжээчид энэ үйл явдал нь 2026 оны ДАШТ-ийн өмнөх бэлтгэл, зохион байгуулалтын үйл явцад улс төрийн болон визийн бодлогын нөлөө хэр хүчтэй байгааг харуулж байна гэж дүгнэж байна. Мөн ирээдүйд бусад шүүгч, тамирчдын визийн асуудал ч мөн адил маргаан дагуулж болзошгүйг анхааруулжээ.
Л.Баяр




















































