
Хөлбөмбөгийн ДАШТ-2026 тэмцээний хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж буй энэ өдрүүдэд өнгөрсөн шөнө болсон хэд хэдэн тоглолт үзэгчдэд гэнэтийн үр дүн бэлэглэлээ. Испани, Бельги, Уругвай зэрэг хүчирхэг багууд ялалт байгуулж чадалгүй өрсөлдөгчдөө оноо алдан, гурван тоглолт бүгд тэнцээгээр өндөрлөв.
Испанийн одуудын бүрэлдэхүүнтэй хүчирхэг баг Кабо Вердетэй тэнцэв
Өнгөрсөн жилийн Европын аварга Испанийн шигшээ ДАШТ-д анх удаа оролцож буй Кабо Вердегийн багтай 0:0-ээр тэнцэж, тэмцээний эхний томоохон сенсаацыг дэгдээлээ. Испаничууд бөмбөг эзэмшил, довтолгоогоор илт давамгайлж, хаалганы зүг 27 цохилт хийсэн ч Кабо Вердегийн 40 настай хаалгач Возинья гайхалтай тоглолт үзүүлэн хаалгаа хуурай манаж чадлаа. Энэхүү үр дүн нь Кабо Вердегийн түүхэн дэх дэлхийн аваргын анхны оноо болж байна. Бас тэд үеийн үед дурсагдах түүх бүтээлээ.
Бельгийн шигшээ Египитийн эсрэг тэнцэв
Сиэтл хотод болсон G хэсгийн тоглолтод Бельги болон Египетийн шигшээ багууд 1:1-ээр эвийн гэрээ байгууллаа. Египетийн хагас хамгаалагч Имам Ашур 19 дэх минутад тооны харьцааг нээж, Африкийн төлөөлөгчид сенсаац тарихад ойртсон юм.
Харин Бельгийн дасгалжуулагч Руди Гарсиа туршлагатай довтлогч Ромелу Лукакуг сэлгээгээр оруулсны дараа тоглолтын хувь заяа өөрчлөгдөв. Лукаку талбайд гарснаас ердөө хэдхэн секундын дараа Египетийн хамгаалагч Мохамед Хани өөрийн хаалгандаа гоол оруулснаар Бельги тэнцээ аварч чадсан байна.
Саудын Араб дахин гайхшруулав
Майамид болсон H хэсгийн тоглолтод Саудын Араб хүчирхэг Уругвайтай 1:1-ээр тэнцэж, үнэ цэнтэй нэг оноо авлаа. Өмнө нь дэлхийн аваргад Аргентиныг буулган авч байсан саудчууд энэ удаа Өмнөд Америкийн бас нэгэн хүчирхэг өрсөлдөгчөөс оноо салгаж чадсан нь тэмцээний эхний өдрүүдийн онцлох үйл явдлын нэг болж байна.
Хэсгүүдийн өрсөлдөөн ширүүсэв
Ийнхүү Испани, Бельги, Уругвай зэрэг фаворитууд эхний тоглолтдоо бүтэн гурван оноо авч чадалгүй бүдэрснээр H болон G хэсгүүдийн өрсөлдөөн улам ширүүсэх нөхцөл бүрдлээ. Харин жижиг гэгддэг багууд томчуудтай эн тэнцүү өрсөлдөж чаддаг гэдгээ дахин нотолж, ДАШТ-ий эхний сенсаацууд ар араасаа гарсан шөнө байлаа.
Л.Баяр





















































