
Английн шигшээ баг 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо. “Гурван арслан” гуравдугаар байрын төлөөх тоглолтод Францыг 6:4-өөр буулган авч, 10 гоолтой галзуу тоглолтын эцэст дэлхийн аваргын тавцанд гарч чадлаа. Англичууд тоглолтыг гайхалтай эхлүүлсэн. Деклан Райс гурав дахь минутад тооны харьцааг нээж, Эзри Конса 18 дахь минутад дахин гоол оруулснаар Англи 2:0-ээр тэргүүлэв. Үүний дараа Букайо Сака эхний үеийн төгсгөлд хоёр удаа гоолдож, Англичууд завсарлагаанаар 4:0-ээр илүүрхсэн байлаа.
Гэвч хоёрдугаар хагас эхлэхэд Францын шигшээ баг огт өөр дүр төрхтэй талбайд гарч ирэв. Килиан Мбаппе 48, 66 дахь минутад хоёр гоол оруулж, Брэдли Баркола 54 дэх минутад хаалгыг мялааснаар Франц 4:3 болгож, тоглолтыг эргүүлэхэд тун ойртсон.
Гэхдээ Англи эцсийн мөчид дахин цохилт өглөө. Сака 87 дахь минутад торгуулийн цохилтоос гоолдож, хет-трикээ гүйцээсэн бол Жүд Беллингэм нэмэлт цагийн найм дахь минутад зургаа дахь гоолыг оруулж, Английн ялалтыг баталгаажуулсан. Францын Осман Дембеле нэмэлт цагийн зургаа дахь минутад нэг гоол оруулсан ч “Лес Блю”-гийн эргэн ирэлт үүгээр өндөрлөв.

Энэ ялалт Английн хувьд түүхэн амжилт болов. Тус баг дэлхийн аваргын түүхэнд анх удаа хүрэл медаль хүртэж байна. Англичууд хагас шигшээд Аргентинд 1:2-оор хожигдож, финалд шалгарах боломжоо алдсан ч Францын эсрэг хийсэн 10 гоолтой тоглолтоор тэмцээнээ өндөрлүүллээ.
Тоглолтын гол баатар нь эргэлзээгүй Букайо Сака байв. Тэр гурван гоол оруулж, Английн ялалтын гол хөдөлгүүр болсон. Харин Францын хувьд Мбаппе хоёр гоол оруулсан ч баг нь эхний хагаст дөрвөн гоол алдаж, тоглолтын эхний 45 минутад бий болгосон хүнд байдлаас гарч чадсангүй. Мбаппе энэ тоглолтод хоёр гоол оруулснаар ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтад Лионель Мессиг давж, 22 гоолтой боллоо. Мөн тэр нэг дэлхийн аваргад 10 болон түүнээс олон гоол оруулсан эрэгтэй тоглогчдын онцгой жагсаалтад багтав.
Ийнхүү Англи дэлхийн аваргын хүрэл медалийг анх удаа хүртэж, Франц дөрөвдүгээр байрт орлоо. Харин Английн шигшээ багийн дасгалжуулагч Томас Тухелийн хувьд хагас шигшээд Аргентинд хожигдсон хүнд цохилтын дараа багийнхаа тэмцээнийг медальтайгаар дуусгаж чадсан нь том амжилт болж байна.
Л.Баяр

















































