
Хөлбөмбөгийн дэлхийн аваргын цомын төлөөх тэмцэл зөвхөн нэр хүнд, түүхэн амжилтын төлөөх тулаан байхаа больж, багуудын хувьд асар их санхүүгийн шагналын төлөөх өрсөлдөөн ч болжээ.
2026 оны ДАШТ-ий дараа ФИФА оролцогч 48 багт нийт 655 сая ам.долларын шагналын сан хуваарилсан байна. Энэ нь 2022 оны Катарын ДАШТ-ий шагналын сантай харьцуулахад ойролцоогоор 50 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс гадна баг бүрт тэмцээнд бэлтгэх зардалд зориулж 1.5 сая ам.доллар олгосон байна.
Ингэснээр дэлхийн аварга болсон Испанийн шигшээ баг 50 сая ам.долларын шагнал хүртжээ. Финалд Испанид ялагдсан Аргентин 33 сая ам.доллар хүртсэн бол гуравдугаар байрт шалгарсан Англи 29 сая, дөрөвдүгээр байрт орсон Франц 27 сая ам.долларын шагнал авсан байна.
Багуудын хүртсэн мөнгөн шагнал
-
Аварга – Испани: 50 сая ам.доллар
-
Дэд аварга – Аргентин: 33 сая ам.доллар
-
Гуравдугаар байр – Англи: 29 сая ам.доллар
-
Дөрөвдүгээр байр – Франц: 27 сая ам.доллар
-
5–8 дугаар байр: тус бүр 19 сая ам.доллар
-
9–16 дугаар байр: тус бүр 15 сая ам.доллар
-
17–32 дугаар байр: тус бүр 11 сая ам.доллар
-
33–48 дугаар байр: тус бүр 9 сая ам.доллар
Мөн тэмцээнд оролцсон бүх баг бэлтгэлийн зардалд зориулсан 1.5 сая ам.долларын санхүүжилт авсан тул хамгийн доод шатанд тэмцээнээ дуусгасан багууд ч нийтдээ 10.5 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг хүртжээ.
Гэхдээ эдгээр мөнгө нь тоглогч бүрт ФИФА-гаас шууд олгогддоггүй. Шагналын мөнгийг тухайн улсын хөлбөмбөгийн холбоонд шилжүүлдэг бөгөөд холбоод өөрсдийн дотоод журам, тоглогчидтой байгуулсан гэрээний дагуу шагнал, урамшууллыг хуваарилдаг.
Ийнхүү 48 баг оролцсон анхны дэлхийн аварга санхүүгийн хэмжээгээрээ ч түүхэн дээд амжилт тогтоолоо. Испани дэлхийн аваргын цомыг хүртэж, 50 сая ам.долларын шагналын эзэн болсон бол Аргентин мөнгөн медалийн хамт 33 сая ам.долларын санхүүгийн урамшуулал хүртэв.
Харин дэлхийн аваргын цомын төлөөх тулаан зөвхөн талбай дээр төдийгүй, улс орнуудын хөлбөмбөгийн холбоодын хувьд олон жилийн хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх хэмжээний томоохон эдийн засгийн боломжийг бий болгосон тэмцээн болж өндөрлөлөө.
Л.Баяр

















































