
Английн хөлбөмбөгийн домог, тус улсын шигшээ багийн экс ахлагч, дасгалжуулагч Кевин Киган 75 насандаа таалал төгслөө. Кевин Киганы гэр бүл болон “Ньюкасл Юнайтед” клуб энэ оны нэгдүгээр сард түүнийг хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа талаар мэдэгдэж байсан бол өнгөрсөн сард Киган өвчнөө дөрөвдүгээр шатанд орсон гэж мэдээлсэн юм. Тэрээр сүүлчийн мөчүүддээ эхнэр, охидынхоо дунд байжээ.
Түүнийг “Кинг Кев” хэмээн өхөөрдөн дууддаг байсан бөгөөд Английн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий тоглогчдын нэг байв. Киган “Ливерпүүл”-ийн 1970-аад оны алтан үеийн гол тоглогчдын нэг болж, тус клубийн хамтаар Английн дээд лигийн гурван удаагийн аварга, Европын цомын аварга, УЕФА-гийн цомын хоёр удаагийн аварга болжээ.
Тэрээр 1977 онд “Ливерпүүл”-ээс Германы “Гамбург”-т шилжин тоглож, улмаар 1978, 1979 онд хоёр дараалан “Алтан бөмбөг” хүртсэн юм. Киган өнөөг хүртэл “Алтан бөмбөг”-ийг хоёр удаа хүртсэн цорын ганц Англи тоглогч хэвээр байна.
Киган мөн Английн шигшээ багийн төлөө 63 тоглолтод оролцож, 21 гоол оруулан, багийн ахлагчаар тоглож байв. Түүний дасгалжуулагчийн карьер “Ньюкасл Юнайтед”-тэй салшгүй холбоотой. Киган 1992 онд тус клубийг удирдан ажиллаж эхэлж, багийг дахин сэргээн босгосон бөгөөд 1995–1996 оны улиралд Премьер лигийн аваргын төлөө “Манчестер Юнайтед”-тэй ширүүн өрсөлдсөн юм. Киган “Ньюкасл”-ыг удирдсан хоёр дахь үедээ Алан Ширерийг клубт авчирсан нь түүхэн шийдвэрүүдийн нэг болсон. Ширер хожим клубийн бүх цаг үеийн мэргэн бууч болсон билээ.
Тэрээр мөн Английн шигшээ баг, “Фулхэм”, “Манчестер Сити” клубүүдийг дасгалжуулсан юм. “Ньюкасл Юнайтед” клуб Киганыг “клубийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий, хамгийн их хайрлагдсан хүмүүсийн нэг” хэмээн дурсан гашуудаж, “Тэр зөвхөн домогт хөлбөмбөгчин, дасгалжуулагч байгаагүй. Тэр үе үеийн хөгжөөн дэмжигчдийн хувьд Ньюкасл Юнайтедын зүрх нь байсан” хэмээн мэдэгджээ.
Харин “Ливерпүүл” клуб “Кевин Киганы тэсвэр хатуужил, хөлбөмбөгт оруулсан гайхамшигт хувь нэмэр манай түүхэнд үүрд үлдэж, түүний өв залгамжлал цаашид амьдарсаар байх болно” хэмээн эмгэнэл илэрхийлсэн байна.
Кевин Киган бол Английн хөлбөмбөгийн хамгийн тод дүрүүдийн нэг байлаа. Талбай дээрх хурд, ур чадвар, гоолын мэдрэмжээрээ Европыг байлдан дагуулж, дасгалжуулагчийн хувиар хөгжөөн дэмжигчдийн итгэл найдварыг сэргээсэн тэрээр Английн хөлбөмбөгт арилшгүй мөрөө үлдээн одлоо.
Л.Баяр





















































