
Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо (KFA) арав гаруй жилийн өмнө олон улсын тэмцээнд тус улсад ирсэн гадаадын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан олон нийтээс уучлалт гуйжээ. Энэ хэрэг 2011-2012 онд болсон үйл явдлуудтай холбоотой. Өмнөд Солонгосын JTBC телевизийн мэдээлснээр, тухайн үед KFA-ийн ажилтнууд гадаадын шүүгчдийг массажны газруудад авч явж, зардлыг холбооны байгууллагын төлбөрийн картаар төлсөн байна. Харин эдгээр газарт бэлгийн үйлчилгээ багтсан байсан гэх мэдээлэл гарчээ.
Нийтдээ ийм зүйл дор хаяж долоон удаа болсон гэх бөгөөд 2014 оны ДАШТ-ий урьдчилсан шат болон 2012 оны Лондонгийн олимпын сонгон шалгаруулалтын тоглолтуудын өмнөх үеийг хамарч байжээ. Тухайн үед Япон, Арабын Нэгдсэн Эмират, Иран, Бахрейн, Узбекистан зэрэг улсын шүүгчид Өмнөд Солонгост ажиллаж байсан гэж мэдээлсэн байна. Эдгээр мэдээлэл нь зөвхөн саяхан ил болсон зүйл биш аж. 2016 онд Өмнөд Солонгосын Спортын яамны хийсэн шалгалтаар KFA-ийн байгууллагын картаар шүүгчдэд зохисгүй зугаа цэнгэл, үйлчилгээ үзүүлсэн байж болзошгүй зардлууд илэрч байсан байна. Харин уг асуудал тухайн үед олон нийтэд одоогийн хэмжээнд дуулиан болон дэлгэгдээгүй байжээ.
KFA уг мэдээлэлд хариу өгөхдөө олон жилийн өмнөх үйл явдалтай холбоотой асуудалд “гүнээ уучлалт” хүссэн байна. Гэхдээ холбоо одоогийн байдлаар ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд байгууллагын төлбөрийн картыг ийм зорилгоор ашиглах явдал байхгүй болсон гэж мэдэгджээ.
Энэхүү дуулиан Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбоотой холбоотой бусад маргааны үед гарч байна. Тухайлбал, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Хон Мёнботой холбоотой томилгооны асуудлыг цагдаа нар шалгаж байгаа бөгөөд наймдугаар сарын 6-нд KFA-ийн төв байранд нэгжлэг хийж, баримт бичгүүдийг хураан авчээ.
Шүүгчдэд бэлгийн үйлчилгээ үзүүлсэн гэх мэдээлэл нь Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн нэр хүндэд дахин хүчтэй цохилт болж байна. Түүнчлэн тус улсын 2002 оны ДАШТ-ий амжилттай холбоотой олон жилийн турш яригдсан шүүгчдийн шийдвэр Өмнөд Солонгост давуу байдал олгосон гэх хардлагыг дахин сөхөхөд хүргэжээ. Гэхдээ 2002 оны ДАШТ-ий тоглолтуудад хууль бус үйлдэл гарсан гэх нотлох баримт одоогоор байхгүй байна.
Ийнхүү 2011-2012 онд болсон гэх үйл явдлуудын талаарх мэдээлэл 14-15 жилийн дараа дахин сөхөгдөж, Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн удирдлагын тогтолцоо, ёс зүй, шүүгчтэй харилцах харилцаанд томоохон асуулт тавиад байна.
Л.Баяр















































