
Португалийн хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду мэргэжлийн хөлбөмбөгийн замналынхаа төгсгөл ойртож буйг илэрхийлж, ирэх жил түүний карьерын сүүлчийн жил байж магадгүй гтухай ярьжээ. Өдгөө 41 настай Роналду энэ талаар "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр 25 жилийн турш үргэлжилсэн хөлбөмбөгийн замналынхаа төгсгөлд ойртож буй бөгөөд одоо карьераа дуусгах үе шатандаа орсноо хүлээн зөвшөөрчээ.
Роналду:
“Би карьерынхаа төгсгөлд ойртож байна. Энэ миний сүүлчийн жил байж магадгүй” хэмээн ярьсан байна.
Тэрбээр хөлбөмбөгийн дараах амьдралаа ч бодож эхэлсэн бөгөөд аялж, падел тоглож, олон жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг тайван эдлэхийг хүсэж байгаагаа хэлжээ. Мөн карьерынхаа төгсгөлд “гайхалтай өв” үлдээхийг хүсэж байгаагаа онцолсон байна.
25 ЖИЛИЙН ГАЙХАЛТАЙ ЗАМНАЛ

Роналду мэргэжлийн карьераа 2002 онд эхлүүлснээсээ хойш Sporting CP, Manchester United, Real Madrid, Juventus болон Саудын Арабын Al-Nassr клубүүдэд тогложээ. Тэрбээр таван удаа Ballon d'Or хүртэж, клуб болон шигшээ багийнхаа төлөө нийт 976 гоол оруулсан байна. Харин дэлхийн аваргын цом түүний карьерын цорын ганц томоохон хүрч чадаагүй цом хэвээр үлджээ. Роналду 2026 оны ДАШТ-д Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцсон нь түүний зургаа дахь бөгөөд сүүлчийн дэлхийн аварга болсон юм. Тэр өмнө нь ДАШТ-д таван удаа оролцсон анхны эрэгтэй тоглогч болсон билээ.
“БИ БҮХНИЙГ ӨГСӨН”

Роналду хөлбөмбөгийн замналдаа харамсах зүйлгүй гэдгээ илэрхийлжээ. Түүний хувьд олон жил үргэлжилсэн карьер нь асар их хөдөлмөр, золиос шаардсан ч одоо тэр амьдралынхаа дараагийн үеийг эхлүүлэхэд бэлэн болсон байна.
Тэрбээр хөлбөмбөгөөс зодог тайлсныхаа дараа дасгалжуулагч болох сонирхолтой гэдгээ илэрхийлээгүй бөгөөд спортоос гадуурх өөр зүйлд анхаарлаа хандуулахыг хүсэж буйгаа өмнө нь мөн хэлж байсан.
Ийнхүү дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн алдартай тоглогчдын нэг Роналдугийн карьер 25 жилийн дараа өндөрлөж магадгүй байна. Гэхдээ тэр яг хэзээ зодог тайлах эцсийн шийдвэрээ албан ёсоор зарлаагүй байгаа юм.
Л.Баяр



















































