
Их Британийн өсвөр насны шатарчин Бодхана Сиванандан дэлхийн шатрын ертөнцийн анхаарлыг татаж байна. Тэрбээр ердөө 11 настай ч эмэгтэйчүүдийн ангилалд өндөр амжилт үзүүлж, олон дээд амжилтыг шинэчилж буй билээ. Бодхана шатар тоглож эхэлсэн түүх нь сонирхолтой. Тэрбээр таван настай байхдаа гэр бүлд нь хандивлахаар ирсэн хуучин шатрын хөлгийг тоглоом гэж ойлгон тоглож эхэлжээ. Харин аав нь түүнд шатрын үндсэн дүрмүүдийг зааж өгснөөр энэ тоглоом түүний амьдралын чухал хэсэг болсон байна.
Тэрбээр 2025 онд 10 настай байхдаа Их Британийн шатрын аварга шалгаруулах тэмцээний үеэр 60 настай их мастерийг ялж, их мастерийг ялсан хамгийн залуу эмэгтэй шатарчин болсон юм.
Бодхана мөн Их Британийн эмэгтэй шатарчдын дунд хамгийн өндөр чансаатай тоглогчдын нэг болж, дэлхийн чансаанд эхний 100-д багтсан байна. CNN-ийн мэдээлснээр тэр тухайн үед дэлхийн чансааны 72 дугаарт бичигдэж байжээ.
Шатрын клубын мэргэжилтнүүд түүнийг ер бусын авьяастай тоглогч хэмээн тодорхойлж байна. Түүний амжилтыг зөвхөн шатрын хүрээнд бус, өсвөр үеийнхний спортын амжилтын нэгэн онцгой жишээ хэмээн харж байгаа юм. Бодхана өөрөө ирээдүйд дэлхийн хамгийн шилдэг шатарчдын нэг болохыг хүсдэг гэдгээ хэлжээ. Тэрбээр одоогоор хамгийн гол нь улам сайжирч, тоглолтоо үргэлжлүүлэхийг зорьж байгаа аж.
Шатар нь түүнд зөвхөн тэмцээнд амжилт гаргахад бус, хичээлдээ ч тусалдаг байна. Тухайлбал, математикийн хичээлд тооцоолох чадвар, хөгжимд хэв шинжийг таних, урлагт бүтээлчээр сэтгэх чадварыг нь хөгжүүлдэг гэж Бодхана ярьжээ. Тэрбээр мөн хийл болон төгөлдөр хуур тоглодог байна.
Л.Баяр























































