
Азербайжаны нийслэл Баку хотод болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг нэг хүрэл медаль хүртэж, хэд хэдэн жүдоч шагналт байрт шалгарлаа.
Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч үзсэн Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэнээр Монголын багийн медалийн салхийг хагалав. Тэрбээр дэлхийн аваргын дэвжээнээс хоёр өөр жинд гурав дахь хүрэл медалиа хүртсэн нь энэ.
Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү, 52 кг-ын жинд Б.Уранзаяа нар тавдугаар байрт шалгарчээ. Эдгээр тамирчин медалийн төлөө өрсөлдсөн ч энэ удаад шагналт байраар тэмцээнээ өндөрлүүлэв.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Б.Ганхайч долдугаар байрт орлоо.
Түүнчлэн өчигдөр өндөрлөсөн холимог багийн барилдаанд хагас шигшээд Японы багтай барилдаж ялагдан, улмаар дагах барилдаандаа Туркийн шигшээ багийг ялж хүрэл медалийн төлөө шалгарсан. Гэвч хүрэл медалийн төлөөх барилдаандаа Узбекистаны хүчирхэг багт 4-2 харьцаатай ялагдсан юм. Ийнхүү тэмцээнд оролцсон 93 орноос манайх нэг хүрэл, гурван тавдугаар байр, нэг долдугаар байрт шалгарсан амжилтаар 16 дугаар байрт шалгарлаа.
Л.Баяр























































