
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын харилцаа улам муудаж, Вашингтон Киевт үзүүлэх дэмжлэгээ хязгаарлаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдлээ. ОХУ-ын эсрэг авах шинэ хориг арга хэмжээг хойшлуулах, Украины цэргийн ажиллагаанд чухал үүрэгтэй хиймэл дагуулын системийн үйлчилгээтэй холбоотой асуудал хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж байна.
Трамп аравдугаар сарын 18-нд Зеленскийг дайныг дуусгахыг хүсэхгүй байна хэмээн шүүмжилж, Украины удирдагчийг энхийн хэлэлцээнд оролцох хүсэлгүй байгаа мэтээр мэдэгдсэн юм. Харин Зеленский ОХУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлж, Украины аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалах шаардлагатайг онцолжээ.
Украины тал АНУ-ын Starshield хиймэл дагуулын системийн үйлчилгээ хязгаарлагдаж, тагнуулын мэдээлэл солилцох болон зэвсгийн нийлүүлэлт удааширсан гэж мэдэгдсэн байна. Starshield нь Украины армийн холбоо харилцаа, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн ажиллагаанд чухал үүрэгтэй. Зеленский эдгээр өөрчлөлт нь улс төрийн шийдвэртэй холбоотой байж болзошгүй гэж үзжээ. Харин АНУ-ын албаныхан Киевийн зарим мэдэгдлийг няцаасан байна.
Трампын засаг захиргаа ОХУ-д үзүүлэх эдийн засгийн шахалтыг сулруулж буй нь АНУ-ын дотоодод ч шүүмжлэл дагуулжээ. Трамп ОХУ-тай энхийн хэлэлцээ хийх боломжийг хадгалахын тулд зарим хориг арга хэмжээг хойшлуулах шаардлагатай гэж тайлбарласан байна. Харин шүүмжлэгчид ийм алхам нь Москвагийн байр суурийг бэхжүүлж, Украины нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүйг анхааруулжээ. Энэ хооронд АНУ-ын тусгай элч Стив Виткофф ОХУ болон Норвегид айлчилж, дайныг зогсоох асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Норвегид болох уулзалтад Зеленский болон Европын холбоотнуудын төлөөлөгчид оролцож болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ уулзалтын хуваарь эцэслэн баталгаажаагүй байна.
АНУ, Украины харилцаа ийнхүү хурцадсан нь ОХУ-тай үргэлжилж буй дайны цаашдын явцад нөлөөлж болзошгүй. Киев барууны орнуудын цэрэг, тагнуулын дэмжлэгийг чухалчилж байгаа бол Трамп дайныг хэлэлцээрээр дуусгахыг зорьж буйгаа илэрхийлсээр байна. Харин хоёр улсын удирдагчдын үл итгэлцэл нэмэгдэж буй энэ үед энхийн хэлэлцээ ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй хэвээр байна.
Л.Баяр





















































