
Монголын цахим спортын төлөөлөл The MongolZ баг өнөөдөр 23:00 цагаас Германы BIG багтай "1win Private Club Season 2" тэмцээний дээд хүснэгтийн хагас шигшээ шатанд тоглоно. Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээн Сербийн Белград хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд найман баг өрсөлдөж байна. Тэмцээн хасагдах шатны системээр үргэлжилж байгаа тул багууд дараагийн шатанд шалгарахын төлөө тоглолт бүрд ялалт байгуулах шаардлагатай.
The MongolZ баг эхний тоглолтдоо Alliance багийг 2:0-ээр буулган авснаар хагас шигшээд шалгарсан юм. Харин Германы BIG баг мөн эхний тоглолтдоо PRIVATE багийг 2:0-ээр хожиж, энэ шатанд өрсөлдөх эрхээ авсан байна.
Өнөөдрийн тоглолт гурван map дээр өрсөлдөх BO3 форматаар явагдана. Өөрөөр хэлбэл, хоёр map-т түрүүлж ялалт байгуулсан баг цувралд хожно. The MongolZ баг BIG-ийг хожвол дээд хүснэгтийн финалд шалгарч, тэмцээний аваргын төлөө өрсөлдөх боломжоо хадгална. Харин ялагдсан баг доод хүснэгтэд шилжиж, тэмцээнээ үргэлжлүүлэх боломжтой.
The MongolZ багийн одоогийн бүрэлдэхүүнд bLitz, cobrazera, Techno, 910 болон nin9 нар багтаж байна. Баг аравдугаар сарын эхээр бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан тул шинэ тоглогчдын уялдаа холбоо, багийн тоглолтын зохион байгуулалт энэ тэмцээний чухал үзүүлэлтүүдийн нэг болж байна.
Л.Баяр




















































