
Элон Маск ирэх 2027 онд АНУ-ын хүүхэд бүрд өөрийн эзэмшдэг SpaceX компанийн нэг ширхэг хувьцаа бэлэглэхээр төлөвлөж байгаагаа аравдугаар сарын 19-нд X нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгджээ. Тэрбээр энэхүү санаачилгаа олон удаагийн хандивын эхлэл болно хэмээн онцолсон байна. Маск X хуудсандаа “Ирэх жил би Америкийн хүүхэд бүрд SpaceX-ийн нэг ширхэг хувьцаа бэлэглэнэ. Энэ бол олон хандивын эхнийх нь байх болно” гэж бичжээ.
АНУ-ын Хүн амын тооллогын товчооны тооцоогоор тус улсад 18 нас хүрээгүй 73 сая орчим хүүхэд амьдардаг. SpaceX компанийн хувьцааны үнэ тухайн үеийн зах зээлийн ханшаар нэг ширхэг нь 146 ам.доллар орчим байсан тул хүүхэд бүрд нэг хувьцаа олговол нийт хандивын үнэ цэнэ ойролцоогоор 10.7 тэрбум ам.долларт хүрэх боломжтой юм. Гэхдээ хувьцааг хэрхэн хуваарилах, ямар шалгуураар хүүхдүүдийг хамруулах талаар Маск одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
SpaceX компани 2026 оны зургадугаар сард хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалж эхэлсэн бөгөөд сансрын технологи, хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, зах зээлийн үнэлгээ нь хоёр их наяд ам.доллар орчимд хүрсэн компани юм.
Маскийн энэхүү мэдэгдэл нь хиймэл оюун ухааны Anthropic компани өөрийн хувьцааны дор хаяж таван хувийг нийгмийн сайн сайхны төлөөх санд зориулахаар болсноо зарласны дараа гарчээ. Тус сан нь ашгийн бус байгууллагуудад хандив өгөх, нийгмийн тодорхой бүлгүүдэд шууд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр ажлын байр хумигдах, нийгмийн тэгш бус байдал нэмэгдэх, дата төвүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөө өсөх зэрэг асуудлаар технологийн компаниуд шүүмжлэлтэй тулгарах болсон.
Л.Баяр



















































