
Бразилын Сан-Паулу хотод аравдугаар сарын 19-ний өдөр олон зуун хүн технологийн Meta компанийн төв байрны гадаа жагсаж, тус компанийг Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгажээ. Жагсагчид тус компанийн эзэмшдэг Facebook, Instagram болон WhatsApp платформууд улс төрийн агуулгатай мэдээллийг тэгш бус түгээж байна гэж үзсэн байна.
Жагсагчдын үзэж буйгаар, Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силваг дэмжсэн нийтлэлүүдийн хүртээмжийг хязгаарлаж, харин сөрөг хүчний нэр дэвшигч Флавиу Болсонаруг дэмжсэн агуулгыг илүү өргөн хүрээнд түгээж байгаа аж. Тэд Meta компаниас алгоритмынхаа ажиллагааг ил тод болгох, улс төрийн мэдээлэлд тавьж буй хяналтаа тайлбарлахыг шаарджээ.
Энэхүү эсэргүүцэл нь Бразилын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын өмнө болж байна. Тус улсын Сонгуулийн дээд шүүх Meta компаниас хоёр нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажилд ижил тэгш хандаж байгаагаа нотлохыг шаардсан юм. Шүүхийн шийдвэрээр тус компани улс төрийн агуулгын түгээлтийг зориудаар бууруулах, хайлтаас хязгаарлах, эсвэл нэр дэвшигчдийн мэдээллийн хүртээмжид тэгш бус байдал үүсгэхийг хоригложээ.

Харин Meta компани улс төрийн аль нэг нэр дэвшигчийг давуу байдалтай болгосон гэх мэдэгдлийг няцааж, платформууддаа бүх нэр дэвшигчид ижил дүрэм мөрддөг гэж тайлбарласан байна. Мөн зарим зөрчил, хязгаарлалт нь улс төрийн зорилготой үйлдэл бус, техникийн алдаанаас үүдэлтэй гэж мэдэгджээ.
Л.Баяр




















































