
Суданы арми Өмнөд Судантай маргаантай бүсэд байрлах худалдааны захад цохилт өгсний улмаас олон хүн амиа алдаж, шархаджээ. Гал түймрийн улмаас хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байна. Африкийн Судан болон Өмнөд Суданы хооронд маргаантай Абьей бүсэд байрлах Амиет захад аравдугаар сарын 19-нд дроны цохилт өгсний улмаас дор хаяж 153 хүн амиа алдсан тухай орон нутгийн албаныхан мэдээллээ. Халдлагын үеэр шатахууны агуулахад гал гарч, захын орчимд их хэмжээний сүйрэл үүссэн байна.
Абьей бүсийн захиргааны мэдээлэл хариуцсан сайдын үүрэг гүйцэтгэгч Йоханна Акөл Нгорын мэдээлснээр, халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх магадлалтай байгаа аж. Гал үргэлжилж, аврах болон цогцос эрэн хайх ажиллагаанд хүндрэл учруулжээ.
Гэрчүүдийн мэдээлснээр, дэлбэрэлтийн дараа захын орчимд гал тархаж, зарим хүний цогцос танигдахын аргагүй болтлоо шатсан байна. Эмч нар шархадсан хүмүүсийг ойролцоох Амэт Бек эмнэлэгт хүргэн эмчилж байгаа бөгөөд зарим өвчтөн хүнд түлэгдэлттэй байжээ.
Өмнөд Суданы Засгийн газар халдлагад Суданы армийг буруутгаж, тус улсын Элчин сайдыг дуудан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Харин Суданы талын цэргийн албан тушаалтан цохилтыг хүлээн зөвшөөрөхдөө, зэвсэгт хагас цэрэгжүүлсэн Шуурхай дэмжлэгийн хүчний (RSF) бүлэглэлд хүргэх шатахуун тээвэрлэж байсан цистернүүдийг онилсон гэж тайлбарлажээ. Гэхдээ халдлагын бай болон хохирогчдын талаарх мэдээллийг бие даан бүрэн баталгаажуулах боломжгүй байгааг Associated Press агентлаг онцолсон байна.
НҮБ халдлагыг буруушааж, энгийн иргэд болон чухал дэд бүтцийг хамгаалах шаардлагатайг мэдэгдэв. Хүмүүнлэгийн байгууллагууд шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж, халдлагад өртсөн иргэдэд туслах ажиллагаа явуулж байна. Судан улсад 2023 оны дөрөвдүгээр сараас хойш Засгийн газрын арми болон RSF бүлэглэлийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа юм. Уг мөргөлдөөн олон мянган хүний амийг авч, сая сая иргэнийг орон гэрээ орхин дүрвэхэд хүргэсэн бөгөөд бүс нутгийн хүмүүнлэгийн хямралыг улам гүнзгийрүүлжээ.
Л.Баяр





















































