
Монголын тамирчид болох Азбаяр буюу Senzu, Аюуш буюу mzinho нарын бүрэлдэхүүнтэй BC.Game баг Counter-Strike 2-ын "Digital Crusade DraculaN Season 7" тэмцээнд FaZe багийг 2:0-ээр хожсон ч дараагийн тоглолтод ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Аравдугаар сарын 22-нд болсон доод хүснэгтийн хасагдах шатны тоглолтод BC.Game дэлхийн шилдэг багуудын нэг FaZe-тэй учраа таарсан юм. Тэд Dust2 мапт 13:9-өөр хожиж, Nuke дээр нэмэлт үе хүртэл өрсөлдсөний эцэст 19:16-аар ялалт байгуулжээ. Ийнхүү BC.Game доод хүснэгтийн финалд шалгарч, тэмцээнд үлдэх боломжоо хадгалсан байна.
Тус баг тэмцээний өмнөх шатуудад ч амжилттай тоглосон. Хэсгийн тоглолтод Drama eSports-ийг 13:8, WBT-г 13:10-аар хожиж, улмаар BBL Esports-ийг хоёр газрын зурагт дараалан буулган авсан юм. Мөн Nexus Gaming багтай хийсэн тоглолтод 2:1-ээр ялалт байгуулжээ.
Гэвч дээд хүснэгтийн хагас шигшээд Eternal Fire багт 1:2-оор ялагдан доод хүснэгтэд шилжсэн BC.Game FaZe-ийг хожсон ч дараагийн тоглолтоо JiJieHao багийн эсрэг хийв. Уг тоглолтод Dust2 дээр 5:13, Ancient дээр нэмэлт үеийн дараа 14:16-аар ялагдсанаар тэмцээнийг дөрөвдүгээр байрт дуусгаж, 3,500 ам.долларын шагнал хүртлээ.
BC.Game багийн дараагийн тэмцээн Португалын Лиссабон хотод болох "HyperX Retake Season 13 LAN" юм. Тус тэмцээнд TYLOO, Natus Vincere зэрэг багууд оролцохоор байгаа нь Монголын тамирчдын хувьд хүчтэй өрсөлдөгчидтэй дахин учраа таарах боломж билээ.
Л.Баяр




















































