
Хятадын баруун хэсэгт орших Төвөдийн өөртөө засах оронд аравдугаар сарын 22-ны орой 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 16 хүний амь эрсэдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас олон зуун байшин нурж, аврах ажиллагаа үргэлжилж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
АНУ-ын Геологийн судалгааны албаны мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 22:33 цагийн орчимд болжээ. Газар хөдлөлтийн голомт Төвөдийн хойд хэсгийн Нагчу хотын зүүн хойд зүгт, хүн ам сийрэг суурьшсан, далайн түвшнээс өндөр уулархаг бүсэд байв. Голомт Лхас хотоос ойролцоогоор 400 километрийн зайд байрлажээ.
Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас 16 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтсэн байна. Мөн 339 байшин, малын 20 саравч нуржээ. Газар хөдлөлтийн дараа зарим бүсэд холбоо харилцаа тасалдаж, төмөр замын хөдөлгөөнд түр хугацааны хязгаарлалт тогтоосон байна.

Орон нутгийн эрх баригчид аврах ажиллагаанд 1600 гаруй хүнийг дайчилжээ. Гамшигт өртсөн иргэдэд зориулан угсармал сууц, майхан, эвхдэг ор болон өвлийн хувцас зэрэг шаардлагатай тусламжийн хэрэгслийг хүргүүлсэн байна.
Газар хөдлөлтийн улмаас уулын энгэрээс чулуу нурах үзэгдэл гарч, үндэсний хэмжээний нэгэн авто замын хэсгийг хаажээ. Тухайн бүсэд ойрын гурван өдөр цас үе үе орох төлөвтэй байгаа нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй байна.
Төвөдийн бүсэд газар хөдлөлт болох нь харьцангуй түгээмэл. 2010 онд Хятадын Чинхай мужийн Юйшу хотын орчимд 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, наад зах нь 2,698 хүн амиа алдаж байжээ. Харин 2025 оны нэгдүгээр сард Төвөдийн Тингри хошуунд болсон газар хөдлөлтийн улмаас 126 хүн амиа алдсан юм.
Л.Баяр




















































