
Украины Ерөнхийлөгч Валадимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг сулруулах нь Владимир Путинийг улам хүчирхэгжүүлнэ гэж анхааруулжээ. Тэрбээр CNN-ийн сэтгүүлч Кристиан Аманпурт өгсөн ярилцлагадаа энэ байр сууриа илэрхийлсэн байна.
Зеленский “Путинд хандах миний байр суурь тодорхой. Хэрэв бид хориг арга хэмжээг цуцалбал түүнийг улам хүчирхэг болгоно. Энэ бол Ерөнхийлөгч Трамп бид хоёрын хувийн асуудал биш” хэмээн онцолжээ.
АНУ, Украины харилцаа ОХУ-тай хийх хэлэлцээ болон хориг арга хэмжээний асуудлаас шалтгаалан хурцадмал байдалд ороод байна. Трамп дайныг зогсоох дипломат шийдэл олохыг зорьж байгаа бол Киев Москвагийн эсрэг дарамтыг сулруулах нь Оросын түрэмгийллийг өөгшүүлнэ гэж болгоомжилж байгаа аж. Зеленский мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг энх тайвныг тогтоох хүсэлгүй байна хэмээн шүүмжилжээ. Түүний үзэж буйгаар Путин хэлэлцээрийн талаар ярьж байгаа ч бодит байдал дээр дайныг үргэлжлүүлэх сонирхолтой хэвээр байна.
Украины удирдагч одоогийн фронтын шугамыг хэвээр хадгалж, эхлээд гал зогсоох боломжийг үгүйсгээгүй байна. Гэхдээ Украины газар нутгийг Орост шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой илэрхийлжээ. Тэрбээр газар нутгийн асуудал нь зөвхөн хэдэн километр газар эзэмших тухай бус, харин эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амиа алдсан хүмүүсийн тухай асуудал гэдгийг онцолсон байна.
Үүний зэрэгцээ Украин Оросын пуужингийн довтолгооноос хамгаалахад шаардлагатай зэвсэг, ялангуяа агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн дутагдалтай тулгарч байгааг Зеленский мэдэгджээ. Тиймээс тэрбээр холбоотнуудаа ОХУ-д үзүүлэх дарамтаа хадгалж, Украинд шаардлагатай зэвсгийн тусламжийг нэмэгдүүлэхийг уриалсан байна.
Л.Баяр




















































