
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп NBA-ийн од Леброн Жеймсийг төрийн дуулал эгшиглэх үеэр зохисгүй үйлдэл гаргасан хэмээн шүүмжилж, Америкийн төлөө амиа алдсан цэрэг, баатруудаас уучлал хүсэхийг шаарджээ.
Трамп аравдугаар сарын 22-нд Truth Social нийгмийн сүлжээндээ Жеймсийн бичлэгийг нийтэлж, түүнийг эх орноо үл хүндэтгэсэн хэмээн буруутгасан байна. Тэрбээр сагсан бөмбөгчийг “нэр төргүй үйлдэл гаргасан” хэмээн шүүмжилж, төрийн далбаа болон улс орныхоо төлөө амиа алдсан хүмүүсээс уучлал гуйх ёстой гэж мэдэгджээ.
Маргаан аравдугаар сарын 20-нд Нью-Йорк хотын Мэдисон Сквер Гарден ордонд болсон “Филадельфи 76ерс” болон “Нью-Йорк Никс” багийн тоглолтын өмнө өрнөсөн байна. АНУ-ын төрийн дуулал эгшиглэх үеэр Жеймс багийнхантайгаа зэрэгцэн зогсохдоо биеэ сунгаж, гольфын цохилт болон сагсан бөмбөг шидэх хөдөлгөөнтэй төстэй үйлдэл хийж байжээ. Харин түүний эргэн тойрны тоглогчдын ихэнх нь хөдөлгөөнгүй зогссон байна.
41 настай Жеймс NBA-ийн 24 дэх улиралдаа тоглож байгаа бөгөөд энэ улиралд “Филадельфи 76ерс” багт нэгдсэн юм. Тэрбээр Трампын шүүмжлэлд олон нийтэд хариу өгөөгүй байв.
Трамп, Жеймс нар өмнө нь ч улс төр болон нийгмийн асуудлаар зөрчилдөж байсан. Жеймс арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг байр сууриа илэрхийлж, тамирчид нийгмийн асуудлаар дуу хоолойгоо хүргэх эрхтэй гэж үздэг. Харин Трамп өмнө нь төрийн дууллын үеэр өвдөг сөгдөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг эсэргүүцлээ илэрхийлсэн Америкийн хөлбөмбөгчин Колин Каперникийг мөн шүүмжилж байжээ.
Л.Баяр





















































