
Нью-Йорк Ред Буллз багийн хагас хамгаалагч Адри Мехмети дөнгөж 17 настай ч АНУ-ын шигшээ багт анхны тоглолтоо хийж, Хойд Америкийн хөлбөмбөгийн хамгийн ирээдүйтэй залуу тоглогчдын нэгээр нэрлэгдээд байна. АНУ-ын хөлбөмбөгийн шинэ үеийн төлөөлөл хэмээн үнэлэгдэж буй Адри Мехмети мэргэжлийн замналаа дөнгөж эхлүүлж байгаа ч наснаасаа эрт амжилт гаргаж, олны анхаарлыг татаж байна. Тэрбээр Нью-Йорк Ред Буллз багийн үндсэн бүрэлдэхүүнд тогтмол багтаж, өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багт анхны тоглолтоо хийжээ.
Мехмети амжилт нь ийм хурдан ирнэ гэж төсөөлөөгүй гэдгээ CNN-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Тэрбээр өмнөх жил нь багийнхаа хоёрдугаар бүрэлдэхүүнд тоглож байсан бол дараа жил нь үндсэн багт дэвшин орж, шилдэг тоглогчидтой мөр зэрэгцэн тоглох болжээ. Залуу тоглогч өөрт нь итгэл хүлээлгэсэн дасгалжуулагч, багийн ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Мехметигийн хөлбөмбөгт дурлах хүсэл бага наснаас нь эхэлжээ. Тэрбээр хоёр орчим настайгаасаа аавтайгаа хашаандаа бөмбөг өшиглөж өссөн бөгөөд аавыгаа талбай дээрх болон талбайн гаднах хамгийн том үлгэр дуурайлал нь хэмээн тодорхойлдог.
Түүний эцэг, эх хоёулаа Албани гаралтай. Аав нь залуудаа хөлбөмбөг тоглож, Албани улсынхаа өсвөрийн шигшээ багт хүртэл хүчин зүтгэж байжээ. Ийнхүү гэр бүлийнх нь хөлбөмбөгийн уламжлал Мехметигийн ирээдүйг тодорхойлоход чухал нөлөө үзүүлсэн байна.
Тэрбээр 2019 онд буюу 10 орчим настайдаа Нью-Йорк Ред Буллз академид элсжээ. Академийн насны ангиллуудаар шат дараалан дэвшиж, 2023 онд тус багийн 15 хүртэлх насны бүрэлдэхүүн MLS NEXT цомын тэмцээнд түрүүлэхэд оролцсон байна. Мехмети 2024 онд мэргэжлийн хөлбөмбөгийн замналаа эхлүүлж, 2025 онд Нью-Йорк Ред Буллз II багийн ахлагч болсон юм. Тус баг MLS NEXT Pro цомд түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр 2024 оны арванхоёрдугаар сард клубтэйгээ 2028 он хүртэл хүчинтэй дөрвөн жилийн гэрээ байгуулсан байна.
Л.Баяр




















































