
Монголын “The MongolZ” баг Counter-Strike 2-ын "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хоёр дахь тоглолтод Францын Vitality багт 0:2-оор ялагдлаа. Ингэснээр тус баг тэмцээний эхний хоёр тоглолтын дараа нэг хожил, нэг хожигдолтой болж, плей-оффын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна.
The MongolZ тэмцээний эхний тоглолтоо аравдугаар сарын 24-нд ОХУ-ын Aurora багтай хийж, 2:1-ээр ялалт байгуулсан юм. Харин аравдугаар сарын 25-нд дэлхийн чансааны тэргүүлэгчдийн нэг Vitality багтай тоглож, хоёр мапын тоглолтод дараалан хожигджээ.
Тоглолтын эхний Inferno мапын эхлэлд Монголын баг 5:0-ээр тэргүүлсэн ч өрсөлдөгчийнхөө довтолгоог зогсоож чадалгүй 6:13-аар ялагдсан байна. Хоёр дахь Cache мапын тоглолтод Vitality илүүрхэж, 13:3-аар ялалт байгуулжээ.
Vitality багийн Mathieu “ZywOo” Herbaut энэ тоглолтод 35 устгал хийж, 1.98 үнэлгээтэй тоглосон бол Shahar “flameZ” Shushan 34 устгал гүйцэтгэсэн байна.
"PGL Masters Bucharest 2026" тэмцээн Румын улсын Бухарест хотод аравдугаар сарын 24–31-ний хооронд болж байгаа бөгөөд 16 баг 1.25 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байна. Тэмцээний эхний шат Швейцар системээр явагдах тул багууд плей-оффт шалгарахын тулд шаардлагатай тооны хожил авах ёстой. The MongolZ багийн хувьд өнөөдөр MOUZ-ын эсрэг хийх тоглолтын үр дүн плей-оффт шалгарах боломжид чухал нөлөө үзүүлнэ.
Л.Баяр





















































