Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос өчигдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сагсан бөмбөгийн шигшээ багийг Азийн элсний наадамд оролцуулахгүй байхыг Олимпийн хорооны дарга Г.Загдсүрэнгээс шаардсан гэсэн мэдээлэл гараад байсан юм. Тэрээр энэ талаар хэлэхдээ “Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ны зарим гишүүн холбооныхоо удирдлагуудыг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан юм билээ. Энэ дагуу хуулийн байгууллага шалгаад их хэмжээний татварын өрийн асуудалд холбогдсоныг нь тогтоосон. Шүүхээс МСБХ-г эрх зүйн чадамжгүй гээд зарлачихсан байгаа. Түүнээс МҮСБХ болоод миний бие МСБХ-той зарга хийж яваагүй. Нэгэнт шүүхээс эрх зүйн чадамжгүй гээд зарлачихсан холбоо олон улсад улсаа төлөөлж явах нь зохимжгүй юм. Тиймээс “Олимпийн хорооны нэр дээр сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдаа оролцуулаач ээ” гэсэн хүсэлтийг л Олимпийн хороонд тавьсан. Түүнээс тамирчдаа тэмцээнд оролцуулахгүй байх талаар дурдсан зүйл байхгүй. Олимпийн хорооныхон ч бидний саналыг нааштайгаар хүлээн авахаа мэдэгдсэн” гэсэн юм. Харин МҮСБХ-ны гишүүд “Манай холбооноос явуулсан албан бичигт “тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй” гэсэн нэг ч үг, өгүүлбэр байгаагүй. Олимпийн хорооныхон энэ асуудлыг зөвөөр зохицуулахын оронд МСБХ-ныхонд буруу ойлголт өгөхеөр тайлбарлаж, асуудлыг дэвэргэж хоёр холбооны хооронд маргаан үүсгэсэн” гэсэн тайлбар өглөө.Д.Дуулим
























































