
Сүхбаатар аймгийн хэмжээнд сүүлийн үед барилгын үйл ажиллагаа идэвхтэй явагдаж, сургууль, цэцэрлэг, сурагчдын дотуур байр, орон сууц олноор баригдах болсонтой холбогдуулж, барилгын салбарт аюулгүй ажиллагааны журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор барилгын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн захирал, инженер, техникийн ажилтнуудыг оролцуулсан уулзалт ярилцлагыг Баруун-Урт сумын төвд зохион байгуулав. Ярилцлагыг Баруун-Урт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран зохион байгуулсан бөгөөд Баруун-Урт сумын нутаг дэвсгэр дээр барилгын үйл ажиллагаа МЛТ, Хатантуул хөгжил ХХК-иуд, Сүнжин констракшн, Дөрвөлж орон нутгийн өмчит ХК, Дарцагт овоо хоршоо зэрэг 8 аж ахуйн нэгжийг оролцуулж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар ярилцлага зохиож, аюулгүй ажиллагааны талаар анхаарвал зохих асуудлаар үүрэг чиглэл өглөө. Ярилцлаганд оролцогчдоос тулгамдаж буй асуудлаар санал солилцож, харилцан мэдээлэл солилцож байхаар тохиролцов. Ярилцлаганд Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга У.Болдхүү оролцож, санал бодлоо хуваалцсан байна.