Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав 2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ив Дэлунэг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр Элчин сайд Ив Дэлунэ: 2014 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 5-ны өдрүүдэд Франц улсын Магистрантурын Үндэсний сургуулийн дэд захирал Антони Монваринг, Парисийн Давж заалдах шатны шүүхийн дэргэдэх ерөнхий өмгөөлөгчөөр ажиллаж байсан Даниел Лекрюбьер нар Монгол Улсын прокурорын байгууллагатай хамтран ажиллах талаар ажлын айлчлал хийх үедээ Сэлэнгэ аймаг дахь Мандал суманд баригдаж байгаа Прокурор ажилтнуудын Олон Улсын Сургалтын төв болон Улсын Ерөнхий Прокурорын Газрын дэргэдэх “Прокурорын сургалт судалгааны төв”-ийн үйл ажиллагаатай танилцсан нь цаашид хамтран ажиллах эхлэл боллоо. Энэ оны арванхоёрдугаар сарын эхээр Франц улсын Магистрантурын Үндэсний сургуулиас дахин 2 хүн ирж 7 хоногийн сургалт явуулах болсон ба сургалтын хөтөлбөрийг Ерөнхий Прокурорт танилцуулж 2015 онд 5-6 удаагийн үндсэн сургалт явуулах төлөвлөгөөтэй байгааг танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав: Хамтын ажиллагааны асуудалд ач холбогдол өгч байгаад талархаж байгаагаа илэрхийлээд “Прокурорын Сургалт судалгааны төв” –ийг байгуулж прокуроруудаа сургах хөтөлбөр чиглэлээ гарган ажиллаж байна. Өнгөрсөн жил нийт прокуроруудынхаа үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг тогтоох шалгалт авч, хэнд нь ямар чиглэлээр сургалт явуулах шаардлагатай байгааг харж төлөвлөсөн. Одоо бол Эрүүгийн хуулийн зүйл анги нэг бүрээр тухайн хэргийг яаж шалгах талаар аргачилсан зааврыг батлан гаргах гэж байна. Түүнийхээ дагуу сургалт явуулна. Түүнчлэн удирдах ажилтнуудаа ч сургалтанд хамруулах гэж байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд байгуулж байгаа “Прокурор ажилтнуудын Олон Улсын сургалтын төв” -д зөвхөн прокурорууд бус хуулийн салбарт ажиллаж байгаа бусад хүмүүст мастерийн зэрэг олгох сургалт явуулах бүрэн боломжтой болох юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.
























































