Улсын эмнэлэгүүдийг тохилог хүлээлгийн өрөөтэй болгосон МУСТА, жүжигчин Г.Ундармаа мөн Улаанчулуутын хогийн цэгийн хүүхдүүдэд сургууль барьж өгч буй МУГЖ жүжигчин И.Одончимэг нарыг УИХ-ын эмэгтэй гишүүд хүлээн авч уулзан талархал илэрхийллээ. Тэд жүжигчдийн хийж буй сайн үйлсийн ажилд талархаж буйгаа илэрхийлээд, өргөмжлөл гардуулсан юм. “Х” түц прадокшны жүжигчин И.Одончимэгийн хувьд Мобиком компаниас хэрэгжүүлсэн “Зүрх бүхний төлөө” хөтөлбөрийн шилдэг оролцогчоор тодорч “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслөө амжилттай хэрэгжүүлж байна. Харин жүжигчин Г.Ундармаа ”Итгэлийн танхим-2” төслөө эхлүүлэн ажиллаж буй юм. Тэрбээр өмнө нь нэгдүгээр эмнэлэгийн хүлээлгийн өрөөг тохижуулж байсан билээ.
Энэ үеэр Л.Эрдэнэчимэг гишүүн “УИХ-ын эмэгтэй гишүүд бид сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд болон эмэгтэйчүүдийн төлөө зорьж ажиллаж байна. Тэгэхээр бидэнтэй хүсэл зорилго нэгтэй байгаа та бүхэндээ баярлаж байна. Цаашид хамтарч ажиллах болно” гэлээ.
Мөн жүжигчид энэ үеэр сэтгэгдлээ хуваалцлаа.
Г.Ундармаа: Өөрийнхөө машиныг амьжиргаа улаан болгож байлаа
-Бид хоёрыг ингэж хүлээж авна гэж төсөөлсөнгүй. Үзэгчид бидэнд маш сайхан үг хэлж, үргэлж урам өгдөг. Тиймээс өөрийнхөө зүгээс тэдэндээ туслах ёстой гэж бодсон. Тиймээс л эмнэлэгийн хүлээлгийн танхимыг тохижуулж эхэлсэн. Эмнэлэгүүдийн хүлээлгийн танхимаар өдөрт 500-700 гаруй хүн үйлчлүүлдэг юм билээ. Мөн би аавыгаа эмнэлэгт үзүүлэхээр явж байхдаа үнийг хийх ёстой юм байна гэдээ ойлгосон. Тэгээд л маргаашнаас нь эхлээд эмнэлэгийн талбайг аваад, зурагаа гаргаж эхэлсэн. Төслөө гаргаж, төсвөө баталчихаад байгууллага компаниудаар явж мөнгө хайж эхэлсэн. Компаниудаас их гоё гуйж байгаа юм аа. Харин найз нөхөд, гэр бүлийнхэндээ шууд хэлнэ шүү дээ. Ингэж явсаар хоёр ажлаа амжилттай дуусгалаа. Өнгөрсөн наймдугаар сард Эх нялхсын 220 метр квадрат талбайг тохижууллаа. Энэ хугацаанд уйлах, инээх ч үе гарсан. Тэр ч бүү хэл өөрийнхөө машиныг амьжиргаа улаан болгож байлаа.
И.Одончимэг: Шууд Улаанчулуутын хогийн цэг дээрээс ирлээ
- Би ч ийм арга хэмжээ болно гэж бодсонгүй. Л.Эрдэнэчимэг гишүүнийг уулзах ажил байна гэхээр нь шууд Улаанчулуутын хогийн цэг дээрээсээ хүрээд ирлээ. Улс эх орондоо миний оруулж буй хувь нэмэр бол миний уран бүтээл, тоглолтууд гэж бодож явдаг.
Үзэгч түмэн уран бүтээлчдийг үргэлж хөгөлж, дэмждэг. Тэр утгаараа надад нэг зүйл ажиглагдсан. Ялангуяа уран бүтээлчид, олны танил хүмүүс үлгэр жишээ байх ёстой. Бас уриалан дуудагч байх ёстой гэж. Бидэнд хазгай гишгэх эрх байдаггүй. Олны танил хүмүүст нийгмийн хариуцлага гэж байдаг. Би түүнийг маш сайн ухамсарлаад энэ зүйлийг хийхийг зорьсон. Захын хорооллуудад маш хүнд амьдрал байдгийг өөрийн нүдээр харж явсан. Түүнийг үргэлж бодож, шаналж явдаг. Тиймээс яалт ч үгүй нийгмээс таслагдсан хүүхдүүдэд хүмүүсийн тусламж маш хэрэгтэй байгааг ойлгосон юм. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэгт орон гэргүй, хаяг нь тодорхойгүй хүмүүс маш их. Дээрээс нь хөдөө орон нутгаас олон өрх ирдэг. Тэнд маш олон хүүхэд сургуульд сурч байна. Энэ бол маш том эмзэглэл юм шиг санагдсан. Үүнийг бодож явтал Мобикомоос надад боломж олгосон. Би ч оролцоод ялсан. Энэ их ажлынхаа хажуугаар амжуулах ёстой гэдэгтээ итгэлтэй байсан. Төсөл маань амжилттай хэрэгжиж байна. Газраа худалдаж аваад, байшингаа барилаа. Одоо дотор талаа тохижуулчихвал болно доо. Эцсийн дүндээ эдгээр хүүхдүүдийг бүгдийг нь биш юм аа гэхэд нэлээн хэдэн хүүхдүүдийн сэтгэл, оюун санаанд нь жаахан ч гэсэн эргэлт хийх юмсан гэж бодож, зүтгэлээ. Энэ нь цаашдаа үргэлжлэх байх гэж итгэж байна даа.
Т.Энхэлээ

























































Сэтгэгдэл (5)