Мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжилд нэгэн түүхэн хуудас нээсэн өдөр өнөөдөр тохиов. Монгол орны урд хилээс хойд хил хүртэл буюу Замын-Үүдээс Алтанбулаг хүртэлх Олон улсын болон улсын чанартай А зэрэглэлийн зам дагуу 1007км тасралтгүй 3G сүлжээ нэвтэрлээ. Энэхүү төслийг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн санхүүжилтээр Юнител групп хэрэгжүүлж 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Хар модотын даваанд нээлтээ хийлээ. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нээж үг хэлэхдээ “Төслийг амжилттай хэрэгжүүлсэн багийнханд баярлалаа. Монгол орны урд хилээс хойд хилийг холбосон нийт 1007км замын уртад 51 газарт сайтын бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байна. Олон улсын болон улсын чанартай А зэрэглэлийн авто замаар зорчигчдоос гадна төмөр замаар зорчигчид болон ойр орчмын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч буй иргэд малчид маань харилцаа холбооны дэвшлийг амьдралдаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой боллоо. Бид эх орныхоо хавтгай тэнхлэгт ч энэхүү дэвшлийг нэвтрүүлэхээр зорин ажиллах болно” гэсэн юм. Төслийг хэрэгжүүлэгч Юнител группын Техникийн газрын дарга Д.Энхбат “Төслийг хэрэгжүүлэхэд 40 орчим комрани хамтран оролцсон. Бүгдэд нь баярлалаа. Монгол улсынхаа харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд цаашид ч манай групп ихийг хийх болно” гэлээ. Нээлтэнд мөн Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн дарга Б.Буян-Өлзий оролцсон юм.
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээг хүн амын байршил амьжиргааны түвшнээс үл хамааран хүргэхээр ажиллаж байна. Энэхүү төслийн үр дүнд Замын-Үүд – Улаанбаатар - Алтанбулаг гэсэн 1007 км үргэлжлэх авто замын уртад 15 газарт сайтын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж 93.47 хувийг 3G сүлжээгээр хангасан байна.
3G сүлжээг нэвтрүүлснээр А зэрэглэлийн авто замын дагуу хаана ч явсан гар утсаараа ярих, интернэт ашиглах гээд байнгын харилцаа холбоотой байх боломжтой боллоо. Тасралтгүй интернэт сүлжээнд нэгдсэнээр А замаар зорчих иргэд, бизнесмэнүүд, жуулчид аяллын явцдаа хайртай дотны хүмүүс, түншүүдтэйгээ харилцаа холбоогоо таслахгүй ажлаа амжуулах, түргэн тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй холбогдон авах боломжтой болсныг дуулгахдаа таатай байна.
Орон нутгийн иргэд хотын залуустай зэрэгцэн мэдээллээс хоцрохгүй дэлхийтэй холбогдож, ард иргэдийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах боломж улам бүр нэмэгдэж байна.
Төмөр зам, авто зам, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд мөн мэдээлэл харилцаа холбоо гээд дэд бүтцийн салбар хөгжихийн хэрээр Монгол улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага тодорхойлогдсоор байна.
24tsag.mn


























































Сэтгэгдэл (1)