Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 90 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж энэ мөчид өндөрлөж байна. Барилдааныг МАХН, МҮБХ-той хамтран зохион байгуулсан бөгөөд МАХН-ын дэд дарга, Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва үг хэлж нээв.Энэ удаагийн барилдаанд наадмаас хойш Монгол бөхийн өргөөнд зодоглоогүй цөөнгүй том цолтой бөхчүүд хүрэлцэн ирж зодоглосон нь бусад барилдаанаас чансаатай, онцлогтой барилдаан болох нь харагдаж байна. Барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Аврагч спорт хороо, Ховд дэвжээ, Нью прогресс группийн бөх улсын харцага Б.Пүрэвсайхан долоо даван үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Хилчин спорт хороо, Булганхангайн хүчтэн дэвжээний бөх улсын заан Д.Баасандорж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээний бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар шалгарав.
Барилдааны нэгийн даваанд улсын начин Б.Бадамсүрэн Төв аймгийн харьяат сумын заан Т.Эрхэмжаргалд унасныг эс тооцвол улсын цолтнууд бүгд давсан юм. Зохион байгуулагчдын зүгээс "Улсын цолонд ойрхон, уран барилдаант бөх"-ийн шагналыг дунд шөвөгт аймгийн цолтнуудаас ганцаараа үлдсэн Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх аймгийн арслан Ш.Пүрэвгарьдад гардуулав. Ш.Пүрэвгарьд арслангийн хувьд нэгийн даваанд аймгийн начин Ц.Саранзолбоог, хоёрт аймгийн арслан Б.Мижидсүрэнг, гуравт аймгийн арслан Б.Эрдэнэхүүг, дөрөвт улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг, тавд улсын начин Б.Амарзаяаг давж зургаагийн даваанд буюу шөвгийн наймд улсын харцага Б.Пүрэвсайхантай тунаж барилдан тахим буулгасан юм.
Эх сурвалж: undesniibukh.mn


























































Сэтгэгдэл (1)