Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Шинэ жилийг угтах, тэмдэглэх нийслэлийн ажлын хэсэг байгуулах тухай” А/980 дугаар захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар хамтран 2014 оны 12 дугаар сарын 3-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Шалгалтанд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжууд, худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд, пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг эрх бүхий зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын агуулах, объектууд тус тус хамрагдана.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгсэл ашиглах, худалдан борлуулахыг хориглосон болно.
Иймд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг эрх бүхий зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж байгууллага, иргэд пиротехникийн хэрэгслийг хадгалсан, худалдан авсан, худалдсан, ашигласан тохиолдолд хураан авч улсын орлого болгох, холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.Д.Ундрах /24tsag.mn/

























































