Өчигдөр ЦЕГ-ийн олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах хэлтсийн дарга хурандаа Б.Баатархүү, уг хэлтсийн ажилтан сэтгүүлч Төгсжаргал нар над дээр ирж яриа авлаа.Би ч "Хүннүгийн үед аравхан хоригдолтой. Дээд хорих ял нь арав хоногийн хугацаатай байсан гэнэ лээ.Гэтэл харин одоо бид нар 10 мянга шахам хоригдолтой. Бүх насаар нь хорих ялтай болчихоод байгаа нь хөгжил үү? Ухралт уу?" гэдэг асуултаар яриагаа эхлэлээ.
Ер нь нийгмийн харилцааг зохицуулах шашин, ёс суртахуун, ардын зан заншил, хууль гэсэн дөрвөн арга хэрэгсэл байдаг. Өрнө Дорнын хөгжингүй улс орнуудад "Хууль гэдэг бол ёс суртахууны хамгийн доод хэм хэмжээг хэлмүй" гэдэг ёсонг айхтар сайн ухааран ойлгодог байдал ажиглагддаг л даа. Гэтэл манайд бүгдийг хуульчлах гэж бүтэшгүй санаархалд автсаар дээрх дөрвөн арга хэрэгслэлийн эрэмбэ алдагдчихаад байна. Өөрөөр хэлбэл, хамгийн чухал байж мэдэх эхний гурван хүчин зүйлийн үүрэг нөлөө орхигдон мартагдах хандлагатай байгаа гэсэн үг.
Энэ утгаар авч үзвэл нийгмийн амар амгалан байдал тогтоох гэдэг нь явж явж хүний хөгжилтэй холбоо бүхий ойлголт юм. Хэрвээ тэгж үзвэл гэр бүл, эцэг эх, сургууль багш, нийгмийн эрүүл саруул орчин зэрэг хүчин зүйлс нийгмийн амар тайван байдлыг буй болгоход шийдвэрлэх үүрэгтэй байж таарна. Гэтэл манайд энэ ёсыг ойлголгүй хамаг байдаг хариуцлага, сайн муу бүхнийг ганц цагдаад нялзаачихаад байж мэдэх тухай би яриандаа дурьдсан.
"Эрдэм соёлыг түгээгч, эрүүл мэндийг бэлэглэгч, энх амгаланг сахиулагч гэдэг утгаар багш, эмч, цагдаа гурвыг тэнгэрлиг мэргэжил хэмээн нэрлэхэд болохгүй зүйл байхгүй. Харин тэр тэнгэрлиг сайхан мэргэжилд тэнцэж дүйцэх чадварлаг нэгнийг сонгон ажиллуулж чадаж байгаа эсэхэд л асуудлын учиг нуугдаж байгаа болов уу?"
Яадаг ч байсан нийгмийн энх амгалан байдлын соргог манаа болсон Цагдаагийн байгууллагын маань хэвлэл олон нийттэй харилцах албаныхан маань манай улсын хүний хөгжил, нийгмийн харилцааны хөтөч байх учиртай МОНГОЛ УХААНЫ тухай өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа манай НҮҮР НОМЫН талаар дуулж мэдсэн төдийгүй идэвхитэй уншиж судлаад надтай биечлэн ирж уулзаж байгаа нь юутай сайн хэрэг билээ. Миний "Монгол ухааны жимээр бэдрэхүй" нэрт номонд орсон "Золбин нохой буюу нийгмийн хариуцлагын карт" бичлэгт дурдсан санааг цагдаагийн байгууллагынхан маань хамгийн түрүүнд хэрэгжүүлэх боломжтой салбар юм шүү гэдгийг би үгийн завсар хавчуулаад орхихоо яахин мартах билээ. Эрч хүч халгисан залуу даргатай уулзсаны дараа энэ бол ЗӨВ САЙХАН ЭХЛЭЛ-ийн хаялга байж мэдэх юм шүү гэсэн бодолтой үлдэж хоцорсныг өгүүлэх юун.


























































Сэтгэгдэл (5)