Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, ЮНЕСКО-той хамтран “Хариуцлагатай залуу манлайлагч” сургалтыг өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх салбарын санхүүжилтээр залуучуудад зориулан хэрэгжүүлж буй “Бодлогын нөлөөлөлд залуусын оролцоо манлайллыг нэмэгдүүлэх, чадавхижуулах нь” хөтөлбөрийг хүрээнд зохиогджээ. Дээрх хөтөлбөр, сургалт нь 18-35 насны залуучуудын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, бодлого боловсруулах явцад залуусын оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн тэдний хөгжил, оролцоо, боловсролыг дэмжиж, ардчилсан нийгмийн идэвхтэй иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
“Хариуцлагатай залуу манлайлагч” сэдэвт сургалтын эхний ээлжинд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн залуучуудын байгууллагын төлөөлөл оролцсон байна. Тэд орон нутагтаа буцаж очоод хөтөлбөрийн дараагийн үе шатуудыг зохион байгуулж, сургалтаа байгууллагын болон орон нутгийн залуучууддаа хүргэх юм.
Д.Идэр

























































