
Дэлхийн залуучуудын Ассемблейн XVI хурал Албани улсын Тирана хотноо хуралдаж байна. Энэ удаагийн чуулга уулзалт “Залуучуудын манлайлал, Өнгөрсөн ба ирээдүй” сэдвийн дор зохиогдож байгаа аж. Дэлхийн Залуучуудын Ассемблейн XVI чуулганы үеэр 2014-2018 онд шинээр ажиллах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нэр дэвшиж, чуулганы нийт оролцогчдын олонхын саналаар Азийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ. Дөрвөн жилд нэг удаа болдог уг чуулганы үеэр сонгогддог удирдах зөвлөл нь ерөнхийлөгч, тив хариуцсан таван дэд ерөнхийлөгчөөс бүрддэг ба тэдгээр нь нарийн бичгийн газрын үйл ажиллагааг удирдан чиглүүлж хяналт тавьж ажилладаг аж. Дэлхийн 120 гаруй улсыг эгнээндээ элсүүлсэн томоохон байгууллага юм.