Үндэсний шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны таеквондогийн тамирчин Моломын Түмэнбаяр ДАШТ-ний шагналт 5-р байрт шалгарчээ. Мөн БНСУ-д зохиогдсон “Корёо опэн” тэмцээнээс алтан медаль хүртэж тус тэмцээний шилдэг тамирчин болсон байна.
Ийнхүү тэрээр Дэлхийн таеквондогийн холбооноос нэгтгэн гаргадаг Олимпийн чансааны 58кг жинд 1408 тамирчнаас 28-рт эрэмбэлэгдэж, Гранпри тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Ийнхүү тэрбээр гранпри тэмцээнд оролцох эрхээ авсан анхны Монгол тамирчин боллоо.
Таеквондогийн спортын онцлог нь Олимпийн чансааны эхний 32-т багтсан шилдэг тамирчид л Гранпри ангиллын тэмцээнд өрсөлддөг. Олимпын чансааны эхний 6-д эрэмбэлэгдсэн тамирчид Олимпын наадамд оролцох эрхийг шууд авдаг бөгөөд бусад тамирчид тухайн тивийнхээ Олимпын эрхийн төлөө тэмцээнд зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэнээр Олимпт оролцох эрхээ авдаг байна.